Цаг уурын байгууллагаас гаргасан долоодугаар сарын урьдчилсан төлөвөөр баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх нь. Тодруулбал, баруун болон говийн аймгуудын ихэнх нутагт ойрын өдрүүдэд агаарын температур эрс нэмэгдэж, ялангуяа Говь-Алтай, Баянхонгорт цельсийн 40 хэм давж, халах төлөвтэй байна. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, бага насны хүүхэд, цусны даралт ихтэй, зүрх, судасны өвчтэй иргэд эрүүл мэнддээ онцгой анхаарч, шаардлагагүй тохиолдолд өдрийн цагаар гадагш гарахаас зайлсхийхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөжээ. Харин нийслэл Улаанбаатар хотод агаарын температур харьцангуй тогтвортой буюу 26-30 хэм байх гэнэ.
Манай оронд үүсээд буй цаг агаарын энэхүү үзэгдлийн талаар БНХАУ-ын төрийн мэдээллийн “Синьхуа” агентлаг мөн онцлон мэдээлжээ. Тус агентлаг манай цаг уурын байгууллагын сэрэмжлүүлгийг эш татан, баруун бүсийн нутгаар агаарын температур 40 хэмээс давж болзошгүй талаар олон улсад мэдээлсэн байна.
Ташрамд, Герман, Чех тэргүүтэй Европын оронд агаарын температур 41.7 хэмд хүрч, сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй халуун өдрүүд үргэлжилжээ. Мөн Франц улсад өнгөрсөн сарын 21-нээс хойш цаг агаарын эрс тэс уур амьсгалын улмаас 1300 хүн нас барсан бөгөөд хохирогчдын олонх нь 65-аас дээш насныхан гэдгийг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.