Дэлхий дээрх цоохор ирвэсийн тархац нутгийн зүүн хойд зах болох Монголын өмнөд говийн экосистемд уур амьсгалын өөрчлөлт, дэд бүтцийн эрчимтэй хөгжлөөс үүдэлтэй дарамт жилээс жилд нэмэгдэж байгаа аж. Тэгвэл Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийнхэн тус бүс дэх цоохор ирвэсийн шилжилт хөдөлгөөний холбоос нутгийг тодорхойлж, хамгаалалтад авах шинжлэх ухааны үндэслэл боловсруулах зорилгоор хоёр бодгальд сансрын дохиололтой хүзүүвч зүүжээ. Сорвит, Сүх хэмээн нэрлэсэн хоёр ирвэсээс идэвхтэй шилжилт хөдөлгөөний мэдээлэл тогтмол ирж буйг дээрх нийгэмлэгийн судлаачид дурдав.
Өмнөговь нь Монгол дахь цоохор ирвэсийн тархац нутгийн хамгийн зүүн захын бүсэд тооцогддог. Тэгвэл энд нутагладаг жижиг популяц нь үндсэн сүргээс тусгаарлагдмал байж болзошгүй аж. Хэрэв тийм бол тухайн бүс нутаг дахь жижиг популяц нөлөөлөлд илүү өртөж, устаж, үгүй болох бодит эрсдэлтэйг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн бүсийн захирал Жастин Шанти Александр хэлэв. Үүнтэй яг ижил эрсдэлтэй нөхцөл байдал Өвөрмонголд нутагладаг цоохор ирвэсийн популяцад тулгараад буй гэнэ.
Н.Мишээл