Монгол орны ой бүхий аймаг, сумдад хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 6-7 дугаар сард өргөн хүрээнд зохион байгуулж буй тул иргэдийг ногоон бүсэд сонор сэрэмжтэй, болгоомжтой зорчихыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас анхаарууллаа. Ойн бүсэд хортон шавж устгах бодис цацсаны дараа 14 хоногийн хугацаанд жимс, жимсгэнэ, эмийн ургамал түүхийг хориглодог гэнэ. Аялал зугаалгын улиралд иргэд ногоон бүсэд зорчих нь нэмэгддэг тул болзошгүй эрсдэлээс сэргийлэн, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд цаг алдалгүй хүргэхийг дээрх агентлагаас ойн байгууллагуудад үүрэг болгожээ.
Одоогоор Хөвсгөл аймгийн Түнэл, Сэлэнгийн Түшиг, Цагааннуур, Увсын Зүүнхангай, Өндөрхангай, Малчин зэрэг сумын ойн санд хөнөөлт шавжийн тархалт хязгаарлах, голомт устгах ажлыг агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж ашиглан хийж байна. Хөнөөлт шавж устгах тэмцлийн ажлыг Увс аймагт хамгийн өргөн хүрээнд буюу нийт 12 300, Сэлэнгэд 9000 га талбайд хийж буй аж. Ташрамд дурдахад, энэ жил улсын хэмжээнд нийт 135 мянган га талбайд хортон шавж устгах ажил зохион байгуулахаар төлөвлөснөөс 121 мянган га-д нь микробиологийн, 12.2 мянган га-д нь механик аргаар гүйцэтгэх юм.