“Чингис хаан” үндэсний музейнхэн “Дижитал архивт суурилсан үндэсний музейн үйлчилгээг шинэчлэх” төслийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOIKA)-тай хамтран хэрэгжүүлж, үзэсгэлэнгийн танхимууддаа өөртөө үйлчлэх зориулалттай цахим мэдээллийн самбар суурилуулж эхэллээ.
Дэлхийн томоохон соёлын байгууллагууд ийм шийдлийг хэдийн нэвтрүүлсэн бөгөөд манай улсад тус музей анхдагч нь болсон юм. Төслийн хүрээнд соёлын өвийг дижитал санд бүртгэн хадгалах, гар утсаар хандах боломжтой цахим платформ хөгжүүлсэн аж. Мөн үзмэрийн танхимуудыг ухаалаг мэдээллийн самбараар тоноглосон байна. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх эл төслийн дараагийн үе шатанд виртуал аялал болон хиймэл оюунд суурилсан хөтөч системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр гадаадын жуулчид Монголд ирэхээсээ өмнө манай орны түүх, соёлтой цахимаар танилцах боломжтой болж, соёлын аялал жуулчлалыг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулах гэнэ.