Хүүхэд багачууд, сурагчдын зуны амралт үргэлжилж буйтай холбогдуулан Ховд аймгийн Нийтийн номын сангийнхан Буянт голынхоо эрэг дээр тав дахь жилдээ “Гэр номын сан” ажиллуулж буйгаа мэдээллээ. Бага насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээг бууруулах, сурагчдын зуны амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ном унших дадал хэвшлийг дэмжих зорилготой энэхүү арга хэмжээний хүрээнд орон нутгийн хэмжээнд “Зуны зугаатай уншлага” уриалгыг дэвшүүлээд буй аж. “Гэр номын сан”-д хүүхэд, өсвөр үeийнхэн төдийгүй иргэд өдөр бүр 09.00-18.00 цагт үйлчлүүлж хэвшжээ. Тэд нас, сонирхолдоо тохирсон олон төрлийн ном уншихын зэрэгцээ уламжлалт тоглоом наадгай тоглох, боловсрол, танин мэдэхүйн хөтөлбөрүүдэд хамрагддаг байна. Тус номын сан 1500 гаруй номтой бөгөөд жилд дунджаар 3000 орчим хүнд үйлчилдэг гэнэ.
М.Гэгээ