Ихэнх эрвээхэй хэдхэн долоо хоног өнгөлөг цэцгүүдийн дунд дэвэн ниссээр амьдралаа өндөрлүүлдэг. Харин Өмнөд болон Төв Америкийн ширэнгэн ойд амьдардаг “Heliconius” төрлийн эрвээхэйнүүдийн насжилт бусдаасаа ялгаатайг шинжлэх ухааны “Nature communications” сэтгүүлд онцолсон байна. Тухайлбал, ердийн эрвээхэй нас бие гүйцсэнийхээ дараа ердөө 14 хоног амьдардаг бол энэ төрлийнхөн 348 хоног буюу бараг 25 дахин урт насалдаг гэжээ. Зарим эрдэмтэн тэдний урт наслах нууц нь шим тэжээлтэй цэцгийн тоосоор хооллож буйд оршино хэмээн үзсэн гэнэ. Мөн цэцгийн тоосноос авсан амин хүчлүүд нь нас бие гүйцсэн хойно ч өндөг тасралтгүй үйлдвэрлэх боломж олгож, үржлийн хугацааг уртасгадаг байна.
Түүнчлэн эдгээр эрвээхэй нас ахисан ч урт хугацааны ой санамжаа сайн хадгалдаг аж. Флоридагийн Байгалийн түүхийн музейн Эрвээхэй, биологийн олон янз байдлын төвийн эрхлэгч, доктор Жарет С.Дэниэлс “Heliconius” эрвээхэйн урт наслалттай холбоотой энэхүү судалгааны үр дүнг хүний хөгшрөлтийг тайлбарлах, түүнийг удаашруулахад хэрэглэж болох боломжит механизмуудыг судлах үнэ цэнтэй загвар болгож буйг онцолжээ.
Д.ХЭРЛЭН