АНУ-ын Мичиган мужид 116 кг жинтэй Каспер О’Брайн хүүгийн үхэлтэй холбогдуулан түүний эцэг, эхэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан талаар тус улсын прокурорын байгууллагаас мэдээлэв. “Ээж, аав нь хүүхдэдээ шаардлагатай шим тэжээл бүхий хоол хүнс өгөөгүй буюу буруу хооллож байсан нь илэрхий болсон. Тэд эрүүл мэндийн даатгалтай байсан ч Касперыг шаардлагатай эмчилгээ, үзлэгт хамруулаагүй. Түүнчлэн хүүхэд хэл ярианы хөгжилгүй, орноосоо босож чаддаггүй байсан бөгөөд биед нь хүнд хэлбэрийн цоорол, тууралт үүссэн нь тогтоогдсон” хэмээн прокурор Дэвид Лэйтон мэдэгдсэн юм.
Каспер өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нас баржээ. “Хүү маань амьсгалахаа больчихлоо” гэх дуудлагын дагуу түргэн тусламжийнхан Флинт хот дахь гэрт нь очсон байна. Улмаар түүний эцэг болох 40 настай Дэмиен О’Брайн, эх Жессика О’Брайн нарт хоёрдугаар зэргийн хүн амины хэрэг, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэх зүйл ангийн дагуу яллах дүгнэлт үйлдсэн аж. Одоогоор тэднийг Женеси тойргийн хорих ангид саатуулж байгаа гэнэ. Хэргийг шүүхэд шилжүүлэх хангалттай үндэслэл байгаа, эсэхийг хэлэлцэх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг удахгүй болох товтой. Хэргийг эцэслэх хүртэл тэдний таван настай охиныг өөр гэр бүлд асруулахаар шилжүүлжээ. 128 см өндөртэй, долоон настай Каспер хэт таргалалттай, зүрхний булчин нь тэлсэн тул нас барсан хэмээн Женеси тойргийн Шүүх эмнэлгийн шинжилгээний тайланд дурдсан аж. Дэмиений өмгөөлөгч Элиас Фаноус “Шүүхээс гэм буруутай, эсэхийг нь эцэслэн тогтоох хүртэл миний үйлчлүүлэгч буруугүй” гэж байр сууриа илэрхийлсэн.
Д.Сэлэнгэ