АНУ-ын Сансар судлалын агентлаг (НАСА)-ийнхан тойрог замын өндрөө эрчимтэй алдаж, дэлхийн агаар мандалд орон, шатах эрсдэл нүүрлээд буй “Swift” сансрын дуранг сэргээх роботжуулсан ажиллагааг анх удаа хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Уг дурангийн ашиглалтын хугацааг уртасгаж, тойрог замынх нь өндрийг дээшлүүлэх зориулалттай тусгай төхөөрөмжийг энэ долоо хоногт багтаан хөөргөхөөр төлөвлөжээ.
30 сая ам.долларын өртөгтэй эл төслийг хэрэгжүүлэхэд НАСААНУ-ын “Katalyst space tech¬nologies” компанитай хамтран ажиллаж, тус байгууллага “Link” нэртэй автомат системийг зохион бүтээсэн байна. Үүнийг Номхон далайн баруун дунд хэсэгт байрлах Маршаллын арлуудаас “Pegasus” зөөгч пуужингаар сансарт илгээх бөгөөд сар орчмын дараа тус дуранг гүйцэн очиж, гурван механик гарын тусламжтайгаар бэхлэн авах аж. Үүний дараа хэдэн сарын турш хөдөлгүүрээ ажиллуулж, дурангийн тойрог замын өндрийг одоогийн 360 км-ээс 600 км-т хүргэж дээшлүүлэх аж.
“Swift” дуранг 2004 онд сансарт хөөргөсөн бөгөөд орчлон ертөнцөд тохиолддог хамгийн хүчтэй үзэгдлийн нэг болох гамма туяаны тэсрэлтийг ажиглах зориулалттай юм. Гэвч сүүлийн жилүүдэд нарны идэвхжил ихэссэний улмаас дэлхийн агаар мандал тэлж, тойрог замаас гарах үйл явцыг нь хурдасгасан байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор өндрийн түвшин 300 км-ээс доош буувал түүнийг аврах боломж үндсэндээ үгүй болох аж.
Үүнтэй холбогдуулан НАСАөнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн шинжлэх ухааны бүх багажийг нь унтрааж, судалгааны үйл ажиллагааг түр зогсоон, хамгийн бага эрчим хүч зарцуулдаг горимд шилжүүлээд байна. Анхнаасаа сансарт засвар үйлчилгээ үзүүлэх зорилгоор бүтээгээгүй эл дурангийн өндрийг роботын тусламжтайгаар сэргээн нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь сансар судлалын салбарт хэрэгжүүлж буй анхны туршилт гэдгээрээ онцлог юм.
Э.Сүйлэн