Гурвалжин будаа буюу сагагийг тарганд тодорхой хугацаанд байлгаж, дэвтээж идэх нь жин хасах, гэдэс цэвэрлэхэд тустай хэмээдэг бөгөөд сүүлийн үед ийм дэглэмийг хүмүүс өргөн хэрэглэж буй. Хоёр жилийн өмнө энэхүү будааны талаарх шинэ судалгааны үр дүнг танилцуулснаар энэ дэглэм улам “моод” болсон. Олон улсын мэргэжилтнүүд сагагийг супер хүнс хэмээн албан ёсоор “өргөмжилсөн”. Эрүүл мэндэд олон ач тустай эл будаанд агуулагддаг д-хироинозитол гэдэг бодис нь эсийн инсулинд мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлдэг болохыг дэлхийн томоохон судлаачдын баг баталсан байдаг. Гликемийн индекс (хоол, хүнсэнд агуулагдах нүүрс ус хэр хурдан задарч, глюкоз болж хувирдаг, цусан дахь чихрийн хэмжээ хэр нэмэгдэж буйг үзүүлдэг хэмжүүр) багатай учраас цусан дахь чихрийн түвшнийг огцом өсгөдөггүй. Мөн рутин, кверцетин зэрэг антиоксидантаар баялаг бөгөөд энэ нь судсыг бэхжүүлж, “муу” холестериныг бууруулж, улмаар зүрх, судасны элдэв өвчлөл, эрсдэлээс сэргийлдэг. Судлаачдын онцолсноор сагаг цавуулаггүй уургийн эх үүсвэр. Харвардын эрдэмтэд үүнийг нь олон судалгаагаар баталсан. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар сагаг эрүүл, урт наслахад түлхэц болдог хүнс гэдгийг баталжээ. Энэ мэтээр төрөл бүрийн ачтай, шимтэй сагагийг тарагтай идэхдээ хэмжээг тохируулах нь чухал болохыг мэргэжилтнүүд зөвлөжээ. Хүмүүс тарагтай сагагийг өдөржин иддэг нь эргээд сөрөг нөлөөтэй аж. Өдрийн зохист хэмжээ буюу нэг литр тарганд 400 граммыг дэвтээнэ. Үүнээс хэтрүүлэхгүй бөгөөд дэглэмийг 7-14 хоног үргэлжлүүлнэ. Тарагтай сагаг гэдэсний бичил орчин болон хоол боловсруулах эрхтнүүдэд тустай. Оросын хавдар судлаач Е.Смирновагийн зөвлөснөөр өтгөн нь хатдаг хүмүүс энэ хоол онцгой нөлөөлдөг бөгөөд өглөө (08.00 цагаас хойш), эсвэл орой (унтахаас 3-4 цагийн өмнө)-д илүү хамгийн тохиромжтой. Бэлтгэхдээ сагагийг тарганд дэвтээж хонуулах, эсвэл агшааж, жигнээд шууд хутгаж болно.
Сагагийг 4000 жилийн өмнө Энэтхэг, Балбад анх тариалсан түүхтэй. Итали, грекчүүд “Туркийн үр тариа”, Франц, Португалд “Араб будаа” хэмээн нэрлэдэг сагагт мэдрэлийн системийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай холин болох В аминдэм ихээр агуулагддаг. Мөн зөвхөн өөх тосоор шингэдэг Е, К ваминдэмийн баялаг эх үүсвэр. Хэдийгээр ийм олон талын ач тустай ч сагагийг их хэмжээгээр идэх нь өтгөн хатаадаг гэмтэй болохыг судлаачид онцолжээ. Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр олон орны уламжлалт анагаах ухаанд сагагийн үр тариаг боловсрох явцад нь өргөн ашиглаж иржээ. Жишээ нь, цэцгийг нь цусны даралт ихсэх, хэрх өвчин зэрэгт хэрэглэдэг. Мөн хуурай ханиалгад уудаг байжээ. Түүнд агуулагдах декоцин нь цэр гадагшлуулахад тустай гэнэ.
Сагагийн хальсаар хийсэн бигнүүр, дэр зэрэг нь цусны эргэлтийг сайжруулж, өвдөлт намдаадаг бол нунтагласан будааны гурил нь арьс арчилгааны чухал түүний эд аж.
Э.ХАНА