Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний дэвшилт оношилгоо, эмчилгээ, техник, стандартыг нэвтрүүлсэн Монгол, Японы хамтарсан “Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлэг тусламж, үйлчилгээндээ нэгэн шинэ технологи нэвтрүүлснээ өнгөрсөн сарын 23-нд танилцуулсан.
Нурууны өвчнийг мэдрэлийн ёзоорын эсийн түвшин хүртэл эмчилдэг “Ультралайн Жи-2” төхөөрөмжийг Монголд анх удаа ашиглаж буй юм байна.
ISO стандартын гэрчилгээтэй эл аппаратыг манай эрүүл мэндийн салбар эмчилгээндээ нэвтрүүлснээр багана нурууны өвчнийг мэсийн бус аргаар эмчлэх боломж бүрдэв.
Эл аппарат нь дэлхий дахинаа нөхөн сэргээх эмчилгээнд цоо шинэ хувьсгал болж буй аж. Уг төхөөрөмжийг зохион бүтээсэн Ямасаки Масафүмигийн шавь “Улаанбаатер мед” эмнэлэгт өнгөрсөн сарыг дуустал үзлэг, оношилгоо хийсэн.
Үүнтэй холбогдуулан тус эмнэлгийнхэн компьютер томографийн тодосгогчтой, тодосгогчгүй шинжилгээнүүдийнхээ тарифыг 20-30 хувь хямдруулжээ.
Ямасаки Масафүмигийн анхны монгол шавь, “Улаанбаатар мед” эмнэлгийн Мэдрэл, сэргээн засах кабинетийн мэдрэлийн эмч Б.Зулчимэгээс зарим зүйл тодрууллаа.
-Хүзүү, нурууны эмгэг өөрчлөлтүүдийг мэсийн бус аргаар хэрхэн эмчлэх вэ?
-“Ультралайн” аппаратаар хүзүү, нурууны бүхий л эмгэгийг оношилж, эмчилдэг. Өөрөөр хэлбэл, хагалгаа хийхгүйгээр цахилгаан соронзон долгионоор мэдрэлийн эсэд хүрч, өвчнийг анагаадгаараа онцлогтой.
Манайхаар үйлчлүүлсэн таван хүн тутмын дөрвийнх нь хүзүү, нуруу өөрчлөлттэй байна. Монголд хүзүү нь шохойжоогүй, нуруу нь доош суугаагүй хүн бараг байхгүй. Энэ нь сарын дотор бий болчихдог өвчин биш.
Хүний амьдралын буруу хэв маяг, цэх бус, биеэ хурааж суудаг. Суугаа ажилтай хүмүүс компьютерын ард удаан сууснаар хүзүү, нурууны ийм өвчтэй болж байна. Тулгуур эрхтэн хамгийн чухал нь.
Тиймээс өвчин даамжирвал нурууны үе хоорондын зөөлөн эд дарагдан, байрнаасаа цүлхийн гарч мэдрэлийн эсүүдээ дарж эхэлдэг. Үүнийг манайхан цүлхийлт үүснэ гэж ярьдаг.
Хүзүүний шохойжилтоо эмчлүүлэхгүй удвал тархи тэжээгч гол судсыг дарангуйлж, улмаар цус харвах эрсдэлтэй. Цаашлаад хөл, гар мэдээ алдаж, биеэ дийлэхгүйд хүрдэг.
Үүнээс сэргийлэхийн тулд манайхан хагалгаанд ордог байсан. Харин одоо мэс засал хийлгэх шаардлагагүй боллоо.
-Энэ аппаратад хэдэн удаа орох ёстой юм бол?
-Цүлхийлттэй хүмүүсийг оношлоход олонхынх нь нуруу муруйж, далийсан байна. Нурууны дискүүд нь сууснаар ийм өвчтэй болдог. Өөрөөр хэлбэл, аль нэг хэсэгтээ бөгтийж эхэлдэг гэсэн үг.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээс аппаратаа ажиллуулж эхэлсэн. Долоо хоногт нэг, сард дөрвөн удаа энэ аппаратад ордог. Одоогийн байдлаар бүрэн эдгэрсэн 10 хүн байгаа.
Өвчтөнүүдээ эмчлэхээс өмнө рентгенээр хүзүүг хоёр, нурууг дөрвөн байрлалаар зургийг нь аваад эмчилгээ дууссаны дараахтай харьцуулж үзүүлнэ. Ингэхэд хүзүү, нурууны бүтэц тэгширсэн байдаг.
-Эмчилгээний дараа өвчин дахих уу. Үнэ өртөг нь хэд байдаг вэ?
-Нэг удаа ороход 120 мянган төгрөг. Өвчний үе шатаас хамаараад шаардлагатай бол гурван сар эмчилгээ хийлгэнэ. Эмчилгээ хийж эхэлмэгц тухайн үйлчлүүлэгчид анхнаас нь амьдралын зөв хэвшлийн талаар зааж сургадаг.
Эмч цахилгаан соронзон долгионоор биеийн балансыг нь тэнцвэржүүлээд эдгээгээд явуулдаг. Нөгөө хүн маань буцаад буруу суугаад эхэлбэл эмчилгээ үр дүнгүй болно шүү дээ. Тиймээс зөв алхах, суух дасгалуудыг эхнээс нь давхар заадаг.
О.БАТ-УНДРАХ