- Ч.Сайханбилэг: Өнөөдрөөс “Оюутолгой” улс төрийн асуудал биш, бизнесийн төсөл боллоо –
Өндөр шалгууртай олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас “Оюутолгой” төслөөр дамжуулан анх удаа томоохон хэмжээний санхүүжилтийн багц авсныг өчигдөр баталгаажууллаа.
Оюутолгойн далд уурхайн төслийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр “Rio Tinto” компанийн Монгол Улсыг хариуцсан захирал С.Мөнхсүх түүхэн үйл явдал болж буйг онцлов.
Мөн “Rio Tinto”-гийн Зэс, нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Оюутолгойг дэлхийн хэмжээний уурхай болгох санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж байна.
Уг санхүүжилт нь “Оюутолгой” төслийн чансаа, чадамжийг илтгэж байгаа” хэмээн тэмдэглэсэн юм. Энэ онд Оюутолгой дэлхий даяар хамгийн их анхаарал татсан уурхай байсан гэхэд хилсдэхгүй болов уу.
Дэлхийн зах зээлд зэсийн үнэ хямдарч, өчигдрийн байдлаар тонн нь 4640 ам.доллартай тэнцэж буй ч уг төслийн цаашдын ирээдүйд талууд итгэлтэй байгааг батлан харуулсан дээрх ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өнөөдрөөс “Оюутолгой” нь улс төрийн, Засгийн газрын асуудал биш, бизнесийн төсөл болж байна.
Удирдах зөвлөл, удирдлагууд нь “Оюутолгой” төсөл, далд уурхайг авч явна. Хоёрдугаарт, дэлхийн томоохон банкууд “Rio Tinto”, “Эрдэнэс Монгол” компаниар дамжуулан зээл олголоо.

Монголын хувийн хэвшлийнхэнд гадаад түнш, хөрөнгө оруулалт олж, банкнаас зээл авах үүд нээгдлээ” гэж өгүүлэв. Тэрбээр үгээ “Монгол Улс бизнест буцаж ирлээ” хэмээн төгсгөсөн юм.
Түүнчлэн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Оюутолгой” төслийг хэрэгжүүлж эхэлснээр олон улсын стандарт, бизнесийн хэв маягийг нэвтрүүлэн, Монгол Улсын бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулсан.
Далд уурхайн санхүүжилтийг гурван жил маш олон хүн хөөцөлдсөний эцэст банкуудыг нэр дор цуглуулж гэрээ байгууллаа” хэмээв.
“Оюутолгой” компани банк, санхүүгийн 20 байгууллагаас 4.4 тэрбум ам.долларын зээл босгож чадсан талаар дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлж байгаа нь Монголыг сонирхож буй ч эргэлзэж, хүлээзнэж байсан хөрөнгө оруулагчдыг “соронздоход” нөлөөлөх нь тодорхой.
Уг санхүүжилтийг авахад Монгол Улсын Засгийн газар ямар нэгэн баталгаа гаргаагүй. Харин дэлхийн уул уурхайн гигантуудын нэг “Rio Tinto” батлан даалт гаргасан байна.
Б.Бямбасайхан “Оюутолгой” бол Монголын бизнес эрхлэгчдэд нээлттэй компани. Дотоодын компаниуд 5-7 жил бүтээгдэхүүнээ тасралтгүй нийлүүлэх болно. Өнөөдөр “Оюутолгой”-д 6000 монгол хүн ажиллаж байна.
Нарийн мэргэжлээр олон хүн бэлтгэгдэж байгаа” гэв. Дээрх тоо цаашид ч нэмэгдэх агаад өнгөрсөн наймдугаар сараас хойш гэхэд өмнө нь халагдсан 100 гаруй орчим хүнийг буцаан авсан байна.
Тэгвэл гүний уурхайн бүтээн байгуулалтын оргил үед тэнд 3000 ажлын байр бий болох тооцоо гарчээ.
Оюутолгойг дэлхийд өрсөлдөхүйц зэс, алтны уурхай болгох учиртай энэхүү зээлийг авснаар “Оюутолгой” компанийн санхүүжилтийн өртгийг багасгаж буй. Энэ нь тус компанийн ирээдүйд олох ашгийг нэмэгдүүлэхэд нөлөөтэй нь Монгол Улсад ач холбогдолтой юм.
Урьдчилан тооцсоноор далд уурхайн бүтээн байгуулалтад зургаа орчим тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн үзэж байгаа. Үүний 4.4 тэрбумыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас 12-15 жилийн хугацаатайгаар татсанаар манай улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулна гэж тооцжээ.
Бүтээн байгуулалтад л гэхэд жилд нэг тэрбум орчим ам.доллар зарцуулах учраас тэр. Үүнээс гадна “Оюутолгой” компани үйл ажиллагааны орлогоосоо Монголын эдийн засагт оруулах юм.
Ер нь энэхүү санхүүжилтийг маш сайн нөхцөлтэй авч буйг, бизнес эрхлэгчдэд эерэг дохио өгч байгааг хувийн хэвшлийнхэн сайшааж байлаа. Мөн тэд орлогоо сайн тооцоолох боломж бүрдэж буй гэв.
Дээрх ёслолд Монголын банкны холбоо, МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөлийн төлөөлөл оролцсон юм.
Өнгөрсөн тавдугаар сард байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний дагуу цаашид хийх ажлуудаа гүйцэтгэхийг Б.Бямбасайхан хэлсэн.
Цаг агаар дулаарах үед бүтээн байгуулалтын томоохон ажлуудаа эхлүүлэх боломж бүрдэнэ гэж тэрбээр мөн дурдлаа. “Оюутолгой” компани төсвөө маш сайн хянаж, зардлаа хэтрүүлэхгүй байхад анхаарах аж.
“Turquoise Hill Resources” компанийн гүйцэтгэх захирал Жефф Тайгесен “Ийм том цар хүрээтэй санхүүжилтийг бүтээнэ гэдэг нь амаргүй зорилт. Энэ нь “Оюутолгой” төслийг амжилттай хэрэгжүүлж ирсний үр дүн. Цаашид урт хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулна” гэж ярив.

Оюутолгойн далд уурхайн төслийн санхүүжилтийн баримт бичигт “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Д.Ганболд, “Rio Tinto” компанийн Зэс, нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак, Канадын Экспорт хөгжлийн агентлагийн бүсийн дэд ерөнхийлөгч Стивен Вихэлм, Олон улсын санхүүгийн корпорацын уул уурхайн салбар хариуцсан захирал Намрата Тапар, ЕСБХБ-ны захирал Риккардо Пулти нар гарын үсэг зурлаа.
Мөн Уул уурхайн сайд Р.Жигжид, Монгол Улсын сайд М.Энхсайхан, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нар оролцсон юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон холбогдох бусад төлөөлөл үдээс хойш хөрөнгө оруулагч банкууд болон “Rio Tinto”, “Turquoise Hill Resources” “Оюутолгой” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Ц.БОЛОРМАА