2010 он буцаж, 2011 он айлчлах мөчид салют буудуулсан иргэдийн 11 нь бэртэж гэмтэн, гаргүй болсон эмгэнэлт түүхийг өнөө жил давтуулахгүй байх үүднээс нийслэлийн Онцгой байдлын болон Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран шалгалт хийж эхэллээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлалтай аж ахуйн нэгж, байгууллагуудын барилга байгууламжид гамшгаас хамгаалах зорилгоор зохион байгуулж буй эл шалгалтад худалдааны төв, зах, үзвэр, үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс гацуурын чимэглэл, салют, бусад хэрэгсэл худалдан борлуулж буй иргэдийг хамруулж байгаа аж.
Салют бол пиротехникийн хэрэгслийн нэг. Үүнийг зөв хадгалж, хэрэглэхгүй бол хадгалж байх үед, хүний гарт дэлбэрэх эрсдэлтэй.
Монгол Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулах эрхтэй компани хоёрхон байдаг нь “Очир ундраа”, “Протек”. Иймд чанар, стандартын шаардлага хангаагүй, заавар, тайлбаргүй пиротехникийн хэрэгсэл худалдан авахгүй, зарж борлуулахгүй байж, зөвшөөрөлтэй газраас авсан салютаа зааврын дагуу хадгалж, ашиглахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Б.БАЙГАЛ