Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2013-2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал иргэдэд танилцууллаа.
2013-2015 онд Улаанбаатар хотын 39.8 км урт дулааны шугамыг өргөтгөн шинэчилж, 12000 өрхийн цахилгааны хүчдэлийн уналтыг сайжруулж, шинээр 6154 өрхийг цахилгаан эрчим хүчинд холбосон. Ингэснээр 6500 орчим өрх цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг бүрдүүлсэн юм. Одоогоор шинэ суурьшлын бүсийн 52 байршлын эхний 8 байршилд цахилгаан хангамж, гэрэлтүүлгийн ажлын зураг төслийг хийж байна.
2014 онд БНСУ-ын буцалтгүй тусламжаар “Яармаг”, Япон улсын буцалтгүй тусламжаар “Гачуурт”, улсын төсвийн хөрөнгөөр “Буянт-Ухаа” усан хангамжийн эх үүсвэрүүд тус тус ашиглалтад орж, Улаанбаатар хотын усны нөөц хоногт 70 гаруй мянган метр кубээр нэмэгдлээ.
“Их тойрог” төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын нийт 124900 айл өрхийн 40 хувь буюу 49960 айл өрхийн халаалтыг цахилгаанаар шийдвэрлэх боломж бүрдсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төлөвлөгдсөн 20 байршлаас батлагдсан 12 байршилд баригдах орон сууцны хорооллын 45 хувь буюу 56205 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар боллоо.
Хөрсний усны судалгааг хийж хот төлөвлөлтөнд шаардлагатай хөрсний усны суурь баазыг бий болгосон. Мөн үерийн эрсдэлийн менежментийн төслийг хэрэгжүүлж эрсдэлийг үнэлж, голуудын үерийн халилтын бүсийн зураглалыг боловсруулж, цаашид цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох боломжтой болсон.
Сүхбаатар дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт баригдсан 9х36 метр харьцаатай “Номын худалдааны төв”-ийн халаалтыг эрчим хүч хэмнэх, эрчим хүчийг ухаалгаар хувиарлах “POWER SAVER” төхөөрөмж ашиглан шийдсэн.