Хөгжим эгшиглэж, хүүхдүүд гүйлдэх нь өвлийн жавар үргээх мэт дулаахан, сайхан мэдрэмж төрүүлнэ. Нийслэлийн Баянгол дүүргийн гоц авьяастны 93 дугаар сургуулийн хичээлийн шинэ байр өнөөдөр үүдээ нээлээ. Тус сургууль 1991 онд гоц авьяастнуудыг хөгжүүлэх дугуйлан хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж. Тэндхийн хүүхдүүд өдий хүртэл зориулалтын бус байранд сурч, хүмүүжиж ирсэн байна. Харин тэд урлаг, спортын заал, цайны газар, номын сан, зургаан настнуудад зориулсан стандартын ширээ сандал, анги бүртээ ариун цэврийн өрөөтэй тохилог, дулаахан сургуультай боллоо. Гэхдээ уг сургуульд зөвхөн 1-5 дугаар ангийн 566 сурагч хичээллэж байгаа юм. Ахлах ангийнхан хуучин сургуулийнхаа байранд хичээллэж буй. Анги танхимын хүрэлцээ, хүүхдүүдийнхээ ая тухыг бодож ингэж хуваарилсан аж. Нийслэлийн хөрөнгө оруулалт буюу 2.2 тэрбум төгрөгөөр барьсан уг сургуулийн нээлтэд нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо болон бусад албаны хүн оролцов. “Өнгөрсөн жил Нийслэлийн ИТХ-аас 16 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсвийг анх удаа орон нутгаас шийдвэрлэж өгсөн. Өнөөдөр тав дахь цогцолбороо хүлээн авч байна. Гоц авьяастны сургууль хэдий хичээлийн хоёр байртай ч тэр нь зориулалтын бус. Анги танхим жижиг, хүүхэд олонтой учраас хичээллэхэд хүндрэлтэй байсан. Харин энэ сургууль бага насны хүүхдэд зориулснаараа онцлог” гэж Ц.Отгонбагана дарга ярив.

Энэ удаа эрхэм гишүүний хувиар бус ээжийн үүргээр охиныхоо хичээлийн шинэ байрны нээлтэд ирсэн Г.Уянга “Төсөв улам хүндэрсэн энэ үед нэг ч гэсэн сургууль нээгдэж, гэрэл гэгээтэй мэдээ дуулгаж байгаа нь сайн хэрэг. Миний охин энд сурдаг. Ээжийн хувиар баярыг нь хуваалцаж байна” гэлээ.

Улсын комисс өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд тус барилгыг хүлээн авснаар хүүхдүүд нүүн иржээ. Өвлийн хүйтэн гэж ажралгүй нүүдэл хийсэн тэд сар хүрэхгүй хугацаанд тохижиж амжсан харагдана. Будаг ханхалсан байрандаа бужигнах багачууд “Шинэ сургуульд орсноор ээлжийн ангигүй болсон. Тиймээс хичээлээ тараад ангидаа гэрийн даалгавараа хийж, дугуйландаа хамрагдаж байгаа. Бас цайны газар, том заалтай болсон нь гоё. Одоо улам онц сурна аа” гэцгээж байв. Тус сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Х.Болд “Манай шинэ самбар гоё байгаа биз. Бүх юм нь цэвэрхэн. Бас аавынхаа өгсөн мөнгөөр цайны газраасаа прожки авч иддэг” гэлээ.

Ерөнхий боловсролын сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлээд найман жил болж буй ч 93 дугаар сургуулийн хүүхдүүд халуун цай, хоол идэж чаддагүй байж. Учир нь тус сургууль цайны газаргүй учраас хүүхдүүдийг гурилан бүтээгдэхүүн, жимсний шүүс төдийхнөөр аргацаасаар ирсэн гэнэ. Харин шинэ байранд орсноор хүүхдүүд халуун хоол, аарц, чацаргана уугаад эхэлжээ. Үүгээр ч зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ариун цэврийн өрөө хүртэл тэнд байв.

Ягаан, цэнхэр өнгийн дээл, хантаазаар гоёсон багачууд нүдэнд тусах нь 2 А ангийнхан. Тэд ангийн багш Н.Мягмаржавынхаа заасан бүжгийг ирсэн зочдод сонирхуулсан юм. “Манай анги 44-лээ. Бүгд бүжиглэж сурсан. Ангидаа гар угаах угаалтууртай, ядаж үдийн цайныхаа өмнө гараа угаачихна. Бас ариун цэврийн олон өрөөтэй болсон. Саруулхан шинэ өргөөтэй болсондоо бүгдээрээ баяртай байна” хэмээн Н.Мягмаржав багш ярилаа. Харин тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Ж.Дэлгэр-Отгон “Зургаан наснууд маань гурван бүлгээр хичээллэж байна. Нийт 141 сурагч бий. Хичээлийн байраа өвөл хүлээн авсан ч дулаахан, тухтай байна. Хуучин сургууль маань 421 хүүхдийн багтаамжтай хэдий ч 988 хүүхэд хичээллэж байсан. Зориулалтын байр барьж өгсөн “Сан Эрчим” компанийн хамт олонд талархаж байна” гэлээ. Тус сургуулиас төрсөн гоц авьяастнуудыг дурдвал урт дараалал үүсэх юм билээ. Энэ онд л гэхэд тус сургуулийн сурагч “Дэлхийн бяцхан мисс” тэмцээнд дэд болон авьяаслаг миссээр шалгарсан бол сурагч Эрхэмбаяр “Марка Поло” кинонд Хубилай хааны багын дүр бүтээж, Унгарт зураг авалтад оролцоод иржээ. Олон улсын спортын гимнастикийн наадам, таеквандогийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалтай хүртсэн байна.








