УИХ-ын чуулганы өнөөдөр үдээс хойшхи хуралдаанаар Д.Батцогт нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Учир нь өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг тус хуулийн төслөөр завсарлага авсан. Завсарлагын хугацаа өчигдөр дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн нь энэ юм. Хуулийн төсөлд малчдын ажилласан хугацааг нэмж тооцохоор тусгасан билээ. Өөрөөр хэлбэл, малчнаар нэг жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэг жил хоёр сараар тооцох юм. Өнөөдөр эдийн засгийн идэвхтэй хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг малчдын нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдах идэвх хангалтгүй байдаг гэдэг. Үүний тод жишээ нь өнгөрсөн оны эцсийн байдлаар 181.3 мянган иргэн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсны 32.7 мянга нь буюу нийт малчдын 11.1 хувь л даатгалд хамрагджээ. Иймд жилийн дөрвөн улирлын турш халуунд халж, хүйтэнд хөрч мал сүргээ даган, ээлжгүй, амралтгүй ажилладаг малчдын шимтгэл төлсөн хугацааг нэмж тооцох хуулийн төслийг УИХ анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.