Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-аас өчигдөр 14.00 цагийн үед орж ирсэн иргэн Д.Түвшинжаргал цөөнгүй галт зэвсэг нууж оруулах гэж байжээ.
Тэрбээр шал угаагч (алчуур мушгигчтай хувин) дотор дөрвөн гар буу нуусан байсныг Алтанбулаг боомтын гаалийн хяналтын улсын байцаагч нар ур чадвар гарган илрүүлсэн аж.
Иргэн Д.Түвшинжаргал хилээр орж ирмэгцээ гаалийн бичиг баримт, бараагаа шалгалтаар оруулалгүй зугтах гэж байсан талаар ч орон нутгийн эх сурвалжууд бидэнд мэдээллээ.
Энэ талаар тус аймаг дахь Гаалийн газрын албаны хүмүүсээс лавлахад “Хилээр хууль бусаар галт зэвсэг оруулахыг завдсан иргэнийг саатуулсан нь үнэн. Дөнгөж шалгаж эхэлж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй.
Хэрэг зөрчлийн бүртгэлээ хийгээд цагдаа, тагнуулын байгууллагын аль нэгэнд шилжүүлнэ. Прокурорын байгууллага харьяалал тогтоох байх” гэлээ.
Өөр нэг эх сурвалж “Иргэн Д.Түвшинжаргалын нууцаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан дөрвөн ширхэг гар буу нь хийнх юм шиг байна лээ. Хийн буу ч гэсэн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж л хил нэвтрүүлэх эрхтэй.
Тиймээс хуулийн байгууллагынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болж байна” гэлээ. Харин зураг дээрээс харахад “Макаров” зэрэг дөрвөн загварын зэвсгийн зарим нь хийн буу байгаа юм.
Г.РАВЖАА