“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг хуучин барилгатай нь 24 тэрбум төгрөгийн үнэд хүргэсэн Абдул Карим ялагчийн эрхээсээ татгалзав.
Ингэснээр дуудлага худалдаанд 23 тэрбум 850 сая төгрөг хүргэж үнэ хаялцсан “Таван богд” группийн захирал Ц.Баатарсайханд хэвлэх үйлдвэрийн газрыг уг үнээрээ худалдан авах саналаа нийслэлийн Өмчийн харилцааны газраас хүргүүлсэн юм.
Ц.Баатарсайхан газрыг авах, эсэхээ шийдэх эцсийн хугацаа өнөөдөр тохиож буй. Тэрбээр 17.30 цагаас өмнө хэрхэх саналаа хэлэхгүй бол тус газрыг дахин дуудлага худалдаанд оруулах учиртай.
Хэвлэх үйлдвэрийн хуучин барилга 24 тэрбумын үнэд хүрснийг сайшааж байсан ч гадаадын хүнд худалдлаа хэмээн олон хүн шүүмжилж Абдул Каримыг саналаасаа татгалзахад хүргэсэнд нийслэлийн удирдлагууд таатай хандахгүй байгаа.
Учир нь тэд уг барилгыг 10 орчим тэрбум төгрөгийн үнэд хүрнэ гэж тооцоолж байсан аж. Тиймээс “Ц.Баатарсайхан уг газрыг авахаас татгалзвал үнэгүйднэ. Түүнийг авна гэдэгт бид итгэж байгаа” гэж нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар хэлэв.
Тэгвэл Абдул Карим чухам яагаад ялагчийн эрхээсээ татгалзсан талаар учир мэдэх хүмүүс ийн ярьж байна.
Анхны дуудлага худалдаагаар өмч хувьчилж байсан түүх Монголд үгүй. Дээхнэ үед хүмүүс өмчийг үнэгүйдүүлэх үүднээс үгсэн тохиролцож, дуудлага худалдаанд санал өгдөггүй байж.
Ингээд дараагийн дуудлага худалдааг зарлахад хоёр хүн оролцож, дурын үнээрээ авдаг байв. Одоо ч, хөдөөд хуучин машин мэтийг иймэрхүү аргаар авдаг хэвээр байгаа. Дараагийнх нь үнэ хөөсрүүлэх арга.
Үгсэн тохиролцсон хүмүүс дунд хэн нэгэн орж, үнэ хаялцвал нэг нь тулсан үнэ хэлж, өмчийн үнийг хөөргөдөг аж. Үүнийхээ дараа ялагчийн эрхээс татгалзаж, дахин дуудлага худалдаа зохион байгуулах нөхцөл бий болгодог байна. Улмаар дахин дуудлага худалдаагаар өмчийг үнэгүйдүүлдэг.
Тиймээс энэ удаагийн дуудлага худалдааны ялагч Абдул Карим болон бусад хүн дээрх аргуудыг хэрэглэж, үгсэн тохиролцсон байж магадгүй гэх яриа байна. Тэр тусмаа Монголын иргэншилтэй, гадаад үндэстэн дуудлага худалдаанд оролцсоныг далимдуулан, хоёр дахь аргыг хэрэглэсэн байх магадлал өндөр.
Эсвэл тэд бүгд анхнаасаа үгсэн тохиролцож Абдул Каримыг дуудлага худалдаанд оруулсан байх магадлалтай. Тэгээд бидний нүд, чихний өмнө өрнөсөн “үзэгдэл”-ийг дэглэсэн байж ч мэднэ. “Хас”-ын Ч.Ганхуяг уг дуудлага худалдаанд оролцоогүйн учир нь Абдул Каримтай тохиролцсон байх магадлалтай гэнэ.
Учир нь тухайн барилгын хойд талд “Таван богд” группийн байр, зүүн талд нь “Ард” санхүүгийн нэгдлийн байр бий. Гэхдээ энэ таамаг. Ямартай ч энэ бүхний гогцоо, эргэлзээ Ц.Баатарсайханы өнөөдрийн шийдвэрээр тайлагдана.
Тэрбээр татгалзсан хариу өгвөл дахин дуудлага худалдаанд оролцох эрхгүй. Тиймээс уг газрыг хямд үнээр авах үүднээс өөрийнхөө анх өгсөн үнийн саналаас татгалзаж, өөр хүнтэй тохиролцон дараагийн худалдаанд оролцох магадлалтай.
Нэг өмчийн дуудлага худалдаа гурав дахиа үргэлжилбэл хөрөнгийн анхны үнийг 40 хүртэлх хувиар бууруулдаг. Тиймээс уг газрын дуудлага худалдаагаар анх тогтоосон үнийг зориудаар унагах гэсэн тохироо бүрдэж мэднэ.
Уг нь Ц.Баатарсайхан тухайн газарт өөрөөсөө өгөх дээд үнээ анхны дуудлага худалдаанд хэлсэн байж таарна. Дуудлага худалдааны зарчим ч тийм. Гэтэл өөрийнхөө амаар хэлсэн үнээрээ сонирхсон газраа авахгүй бол...
Г.ЦЭЦЭГ