Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо утаа ихтэй аймгуудад нэг, хоёрдугаар сард агаарын чанарын бохирдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй талаараа мэдээлэл хийлээ.
Тодруулбал Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд орсон Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Ховд аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг хэлэлцэж, эдгээр аймгуудад утаа ихтэй нэг, хоёрдугаар сард агаарын чанарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн тус хурлаар Үндэсний хорооны бүтэц, ажиллах журамд нэмэлт өөрчлөлт орсон тухай аймгийн Засаг дарга нарт танилцуулах, аймаг, нийслэлийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудад гурвалсан НАНО технологи бүхий шингэн НАНО бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломжийн талаар танилцуулга мэдээлэл хийх, 2016 онд аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
Шингэн НАНО технологиор баяжуулсан “НАНО шатахуун”-ыг хэрэглэснээр автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утаа, тогтворжилтийн түвшинг бууруулах боломжтойг “Жим вейл Монголиа интернейшнл” компанийнхан хурлын үеэр хэлж байлаа. Гэр хорооллын 10-12 мянган айл өрхийг боловсруулсан түлшээр хангах, 10 орчим мянган айл хэрэглэж буй түүхий нүүрс цэвэршүүлэгч бодисоор баяжуулах турших, цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр Их тойруугийн 110 Кв-ын дэд станцуудаас хэт ачаалагдсан дөрвөн шугамын ачаалал хөнгөвчлөх угсралтын ажил, нийслэлийн таван цэцэрлэгийн усан халаалтын зуухыг шинэ дэвшилтэд технологид шилжүүлэх зэрэг шат дараатай ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.