Улаанбаатар хот өдрөөс өдөрт тэлж, барилгажиж байна. Барилгажих үйл явц хотын хөгжилд гол түлхэц нь болж буй ч үүнийг дагасан зөрчил буурахгүй байсаар. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, хүний амь эрсдэх, иргэдийн эрх зөрчигдөх гэх мэтийг энд дурдаж болно.
Нийслэлийн Засаг дарга 2013 оноос зөрчилтэй барилгуудыг дулаан, цахилгаанаар хангахгүй болохыг мэдэгдэж, үүнийхээ дагуу арга хэмжээ авч эхэлсэн. Тухайн онд нийслэлийн хэмжээнд зөрчилтэй 79 барилга байсан бөгөөд зөрчлөө арилгах хүртэл дулаанд холбохгүй гэж байв.
Тэгвэл энэ оны хувьд зөрчилтэй барилга 33 бий гэсэн судалгаа гарчээ. Энэ талаар нийс лэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяагаас тодруулахад “Барилга барьж буй хүмүүс газрын зөвшөөрлөө авчихсан хэрнээ холбогдох бичиг баримтаа авалгүй ажлаа эхлүүлдэг. Ийм барилгуудыг зөрчилтэй гэж нэрлэж буй.
Энэ оны III улиралд хийсэн шалгалтаар 33 барилга зөрчилтэй байна гэсэн судалгаа гарсан. Үүнээс ес нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна.
Бид шалгалт хийгээд, тухайн аж ахуйн нэгжүүдийг зөрчлөө арилга гэсэн үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар 11 нь зөрчлөө арилгажээ. Харин бусад барилгыг зөрчлөө арилгах хүртэл ажлыг нь зогсоосон” гэв.
Барьж буй барилга зөрчилтэй бол холбогдох байгууллагаас дээрх шиг байдлаар арга хэмжээ авдаг. Гэвч зөрчилтэй атлаа ашиглалтад орчихсон барилгыг хэрхэх нь тодорхой бус байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаснаас хойш, зөрчилтэй хэд хэдэн барилга иргэдээс захиалга авч, орон сууцаа худалдсан тохиолдол гарчээ.
Тухайлбал, иргэн н.Алтансүх, Ичинхорлоо нарын бариулсан орон сууц болон MGCC ХХК, “Кристал таун” зэрэг хорооллын барилгад дулаан өгөхгүй гэсэн ч дээрх аж ахуйн нэгж, хувь хүмүүс дур зоргоороо авирлан хулгайгаар дулаанд холбосон байжээ.
Холбогдох байгууллагууд нь үүнийг мэдэж, дулааныг нь тасалж байсан аж. Энэ мэт зөрчилтэй барилгууд хулгайгаар дулаанд холбогдсоноос ойролцоох барилга байгууламжийнх нь дулаан доголдох, хөлдөх зэрэг эрсдэл гарах болж.
Инженерийн шугам сүлжээнд зөвшөөрөлгүй холбосноос үүдсэн хохирлыг зөрчил гаргасан байгууллага хариуцах хуультай ч дулаан хулгайлах зөрчил өнөөдрийг хүртэл гарч байна.
Тухайлбал, Зайсан орчимд байрлах нэгэн барилгыг хулгайгаар удаа дараа дулааны шугамд холбосон зөрчил өнгөрсөн сард гарчээ. Энэ талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” НӨҮГ-ын ерөнхий инженер Т.Алтангэрэл “Өнгөрсөн сард Зайсанд байрлах “Ромо инвест” ХХК-ийнхан хулгайгаар дулаанд холбосон үйлдэл гаргасан.
Дулааныг нь таслахаар тухайн орчмын зарим барилга, сургуулийн паар нь хөлдөх гээд байдаг учир холбохоос өөр аргагүй болдог. Гэхдээ бид саяхан дулааны шугамыг нь тасалсан.
Тухайн барилга цахилгаанаар дулаанаа шийдэж байгаа. Ийм зөрчил гаргадаг хэд хэдэн барилга бий” гэсэн юм. Харин тус газрын гүйцэтгэх захирал Р.Хайдав “Тухайн компаниуд барилга барихын тулд тодорхой хөрөнгө зарсан байдаг.
Тийм болохоор л хулгайгаар дулаанд холбогддог байх. Манай инженерүүд шалгалтаар явж байгаа. Ийм зөрчил гаргасан байгууллагуудад тухай бүрт нь арга хэмжээ авдаг” гэв.
Гэхдээ барилгаа хулгайгаар дулаанд холбож, бусдыг хохироож буй барилгын эздэд дулааныг нь таслахаас өөр арга хэмжээ авч чаддаггүй гэнэ. Тэд төвийн дулааны шугам руу хоолой залгаж, дур мэдэн холболт хийдэг учир хоолойг нь таслахаас өөрөөр арга хэмжээ авах боломжгүй байдаг гэнэ.
Тэгвэл энэ талаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын албаны хүн “Зөрчилтэй барилга дээр улсын комисс ажилладаггүй. Ямар ч байсан тухайн барилгууд ажлын зургаа хийгээд, батлуулчихсан, холбогдох техникийн нөхцөлөө авч холбочихсон учраас л ашиглалтад оруулж байгаа.
Хэрэв дулааны техникийн нөхцөлөө аваагүй бол тухайн барилга дээр комисс ажилладаггүй. Тийм хууль ч байхгүй. 2013 оноос өмнөх барилгын асуудлыг бид мэдэхгүй.
Тухайн үед Мэргэжлийн хяналтын газрын комисс яаж ажилладаг байсныг мэдэх боломж байхгүй. Ямартай ч 2013 оноос хойш Засгийн газрын 151 дүгээр тогтоолыг манай газар хэрэгжүүлж эхэлснээс хойш дулаан, техникийн нөхцөлгүй холболт хийсэн барилга дээр бид ажиллаагүй” гэлээ.
Зайсан зэрэг өндөрлөг газруудад дулаан төдийлөн сайн очдоггүй талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” НӨҮГ-ын удирдлагууд хэлдэг.
Гэвч тухайн газруудад зөрчилтэй барилга барьж, хүмүүсийг оруулчихаад түүгээрээ түрий барих үзэгдэл ч гардаг аж. Оршин суугчдаар хэвлэлийн хурал зарлуулж, салбарын яам, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг байгууллагад гомдол гарган дулаан авах асуудал ч байдаг гэнэ.
Тиймээс дулаан хулгайлж буй барилгуудад авах хариуцлагыг чангатгах шаардлага бий болжээ.
Г.ЦЭЦЭГ