Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээнээс манай тамирчид оролцож, 26 медаль хүртэж, таван дээд амжилт эвджээ.
БНХАУ-ын Чэнгду хотод энэ сарын 16-18-нд болсон тус тэмцээнд 25 улсын 278 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөнөөс нийлбэр оноогоор АНУ-ын тамирчин Алекс Муллен тэргүүлжээ.
Уг тэмцээнд манай улсаас Монголын оюун ухааны академиас насанд хүрэгчдийн ангилалд хоёр, дунд насны ангилалд 13, бага насны ангилалд тав гээд нийт 20 тамирчин, дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцсон юм.
Насанд хүрэгчдийн ангилалд С.Цогбадрах "Speed Numbers" төрөлд, дунд насны ангилалд З.Цэцэгзул "Binary Numbers" төрөлд, Их Мастер Э.Пүрэвжав "Speed Numbers", "One Hour Card" төрөлд, бага насны ангилалд Ж.Дөлгөөн "Random Words" төрөлд тус тус дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоолоо.
Түүнчлэн Э.Пүрэвжав нийлбэр оноогоор тэргүүлж өсвөрийн дэлхийн аварга болсон бол хоёрдугаар байрт өнгөрсөн жилийн өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх, гуравдугаар байрт Азийн Мастер З.Цэцэгзул нар тус тус орлоо.