Хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгох шинэчлэлийн Засгийн газрын шийдвэр шийдлийнх дээр ирээд танагдахаар болов. Аль ч засгийн үед хүүхдийн мөнгөнд гар дүрэхгүй гэсэн эрх баригчдын амлалтад ард түмэн тэгтлээ итгэсэн үү, яасан. Ирэх оноос боломжийн амьдралтай гэх айлын хүүхдүүдийг алаг үзэж, мөнгөн тэтгэмж олгохгүй гэсэн сургаар иргэд харьяа хорооныхоо ажилтнуудыг шаналгах болсон байна. Учир нь өрхийн амьжиргааны түвшний (2013 оны арваннэгдүгээр сард орон даяар явуулсан судалгааны дүнг үндэслэн) 1-18 дугаар бүлэгт хамаарах айл өрхийн хүүхдийг хүүхдийн мөнгөнд хамруулж, түүнээс дээш бүлгийнхийг хасах юм. Чингэлтэй дүүргийн VII хороонд биднийг очиход хөл хөдөлгөөн ихтэй байв. “Хүүхдийн мөнгө хасагдах нь гэсэн сургаар иргэд олноор ирж байна” гэсээр тус хорооны халамжийн мэргэжилтэн Б.Нямхүү угтав. VII хороо 14000 хүн амтай, 0-18 насны 4369 хүүхэд байдаг аж.
Б.Нямхүү “Бидэнд одоогоор хүүхдийн мөнгөтэй холбоотой тодорхой мэдээлэл ирээгүй. Гэхдээ энэ асуудал анх яригдаж эхэлснээс хойш маш олон хүн бидэнд хандсаар байна. Эхний ээлжинд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаагүй, шилжин ирсэн айлуудаар явж үнэлгээ хийж байгаа. Үүнийгээ дүүргийнхээ Халамжийн хэлтсийн судалгааны мэргэжилтэнд явуулна. Тэд цааш нь Халамж үйлчилгээний ерөнхий газарт уламжлах юм. Өөрөөр хэлбэл, өрхүүдийн амьжиргааны түвшинг тэнд тооцно гэсэн үг. Мөн амьжиргааны түвшингээ дахин үнэлүүлэх хүсэлтэй иргэд ч байгаа. Тэдний өргөдлийг хүлээн авсан ч журам гараагүй учраас дахин судалгаа хийж эхлээгүй байна. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг гурван бүлэг, 60 орчим асуумжаар бөглүүлэн дүнг нь программчилж 1-20 бүлэг болгон ангилсан. Оноог нь яаж бодсоныг бид мэдэхгүй. Энэ судалгааг иргэд буруу ойлгоод байх шиг. Тухайн айлд ганц угаалгын машин байлаа гээд түвшин нь дээгүүр бодогдчихно гэсэн үг биш шүү дээ” гэж ярьсан юм. Тэгвэл иргэд айл өрхүүдэд анкетаар бөглүүлсэн дээрх өрхийн амьжиргааны судалгааг үнэн зөв аваагүй, эцэг эхийг нь эзгүйд хүүхдээр нь бөглүүлсэн зэргээс үүдэн бодитой мэдээлэл гараагүй гэж ярьж байв.
2015 онд улсын хэмжээнд 1.025.000 хүүхдэд 242 тэрбум төгрөг олгосон байна. Харин 2016 онд (өрхийн амьжиргааны 1-18 дугаар бүлэгт хамаарах) хүүхдийн мөнгөнд 144 тэрбум төгрөг төсөвлөөд буй нь өмнөх оныхоос 40 хувиар бага үзүүлэлт юм. ХАХНХЯ-ныхан “Монгол Улсын нийт айл өрхийн 83 хувь нь 1-18 дугаар бүлэгт хамрагдаж байгаа. Тиймээс эдгээр өрхийн хүүхдүүд үргэлжлүүлэн мөнгөө авах боломжтой” гэсэн юм. Тэгвэл Баянзүрх дүүргийн 3000 орчим хүн амтай IV хорооныхны хувьд 10 гаруй хувь нь л 1-18 дугаар бүлэгт хамрагдаж буй гэх мэдээлэл байна. Салбарын яамныхны хэлж буй статистик үнэн бол иргэд санаа зовохгүй байж болох нь.