Ой зургаан сартай охиныг барьцаалахыг завдсан хэрэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд энэ сарын 7-нд гарсан. Тэгвэл энэ хэргийн сэжигтнийг өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд баривчилжээ.
29 настай Г гэх эмэгтэй гурван сарын турш хохирогчийн гэр бүлийг судалж, бэлтгэснийхээ дараа эмч болж жүжиглэн, такси хөлсөлж гэрт нь очсон байна. Хохирогчийнд бага охин нь хүүхэдтэйгээ байх үед Г очоод “Хүүхдийг чинь үзээд өгье” гэж аваад хацрыг нь зүсэж, айлган сүрдүүлсэн байна.
Ингээд “Энэ бол ердөө эхлэл нь. Гурван цагийн дотор “Зүрх бүхний төлөө” ТББ-ын дансанд 100 сая төгрөг хий. Хэрэв тэгэхгүй бол хүүхдэд чинь аюул учруулна. Танай гэр бүлийн баян тансаг амьдралыг олон нийтэд дэлгэнэ” хэмээн сүрдүүлсэн утгатай захидал үлдээгээд явжээ.
Энэ хэргээс болж хохирогч айж, хамгаалагч хүртэл хөлсөлсөн байна. Түүнчлэн сэжигтэн эмэгтэй олсон, гээсэн бичиг баримт төвлөрүүлдэг цэгээс танихгүй хүний цахим үнэмлэх худалдан авч, түүгээрээ “Юнител”-ийн дугаар авчээ.
Түүгээрээ хохирогчтой ярин, айлган сүрдүүлж байсан аж. “Зүрх бүхний төлөө” ТББ-ынхантай хүртэл хуйвалдаж, мөнгөө хэрхэн авахаа тохиролцсон байсан гэнэ.
Г хохирогчийн гэрт ажилладаг хүний хүүхэд болох нь шалгалтаар тогтоогдсон байна. Тэрбээр өөрөө хүнд өвчтэй, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй аж.
Эмчилгээндээ маш их мөнгө зарцуулж, хүүхдээ арай гэж тэжээдэг түүнийг ар гэрийнхэн нь элдвээр дарамталдаг байсан талаар эх сурвалж мэдээлсэн.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Уг эмэгтэйг гэмт бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж, Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн үргэлжлүүлэн шалгаж байна.
А.СҮЛД