Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гранд повер” ХХК-ийн нүүрсний хийн үйлдвэрт өнгөрсөн баасан гаригт гааз дэлбэрч, 11 хүн хорт хийнд хордсоноос гурав нь амиа алджээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн есөн албан хаагч тэнд очиж, нас барсан, 39 настай Ө, 24 настай Б, 23 настай Л нарын цогцсыг гарган, тус дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Харин хордсон найман хүнийг Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд шилжүүлсэн бөгөөд гурвынх нь биеийн байдал сайн байсан учраас өөрсдийнх нь хүсэлтээр эмнэлгээс гаргасан байна.
Хэвтэн эмчлүүлж байгаа таван иргэний биеийн байдал сайжирч буй гэнэ. ОБЕГ, НОБГ, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид гааз дэлбэрсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон талаар эх сурвалж хэлэв.
Мөн нийслэлийн Чингэлтэй дүүргийн VII хороо, Хувьсгалчдын 10 дугаар гудамжны нэгэн айлд энэ сарын 19-ний 12.03 цагт гааз дэлбэрч, хүн гэмтсэн байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах ангийн найман албан хаагч дуудлагаар ажиллаж, 53 настай, эрэгтэй Б гэмтсэн байсныг Яаралтай тусламжийн төвд хүргүүлсэн аж. Уг айлд нэг удаагийн ахуйн хэрэглээний хий дэлбэрсэн гэнэ.
Ч.ТУЯА