УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэр хэрэгжүүлж буй талаар мэдээлэв.
Хууль хэрэгжсэнээр татвар, гааль, нийгмийн даатгал, бүртгэлийн байгууллагуудад нийт 6.1 их наяд төгрөгийн орлого шинээр бүртгэсэн байна. Нийт 4.200 аж ахуйн нэгж, 1.300 иргэн тайлангаа холбогдох байгууллагад хүргүүлжээ.
Хууль энэ сарыг дуустал үйлчлэх бөгөөд эл хугацаанд нуусан эд, хөрөнгөө ил болгож, бүртгүүлбэл хуулийн хариуцлага хүлээхгүй.
Гэвч орон нутагт энэ хуулийн ач холбогдлын талаар ойлголт муу зэргээс болоод хуулийн хэрэгжих хугацааг сунгаач гэсэн хүсэлт цөөнгүй ирүүлэх болсон гэнэ. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуув.
Д.Батцогт: -Аймаг, суманд уг хуулийн талаарх мэдээлэл дутмаг байсан учраас хугацааг сунгах нь зөв. Хашаа байшингаа өөрийн нэр дээр болгох, малын тоон дээр ч асуудал гарч байгаа. Сумын татварынханд мэдээлэл өгсөн үү. Ямар алхам хийж байгаа юм бэ?
Ч.Сайханбилэг:-Хугацааг сунгах дохио нь хэрэгжилтэд сөрөг нөлөөлөл үзүүлэх байх. Энэ сарын 31-нд багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Б.Ариунсан (Татварын ерөнхий газрын дарга): -Аймаг, сум, Улаанбаатар хотын хэмжээнд сургалт хийсэн. Бүх байцаагчаа боломжтой нөхцөлөөр нь хангасан учраас ажил хэвийн явж байгаа.
Н.Энхболд: Ил болсон хөрөнгө, орлогын хэд нь огт бүртгэлгүй, хэд нь өөр хүний нэр дээрээс шилжиж ирсэн юм бэ. Энэ хэмжээгээр эдийн засаг өснө гэх үү. Хугацааг нь жаахан сунгаад өгчихвөл яасан юм бэ. Нууцыг нь хадгалах уу гэх мэтээр иргэдийн дунд эргэлзээ бий.
Ч.Сайханбилэг: - Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар хамтран ажиллаж байна. Өчигдрийн байдлаар ил болсон хөрөнгө, орлого 6.1 их наяд төгрөг болж нэмэгдсэн.
Б.Ариунсан: -Манайд 224 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шинээр бүртгэгдсэн. ААНОАТ-аар 3.7 их наяд, ХАОАТ-аар 2.2 их наяд, үл хөдлөх хөрөнгөөр 224 тэрбум ил болсон. Хуулийн хэрэгжилт арванхоёрдугаар сарын 31-нд дуусах учир бүх хүчээ дайчлаад ажиллаж байна.
Хууль хэрэгжсэнээр нийт 72 тэрбум төгрөгийн эд хөрөнгө бүртгэгдсэний 24.3 тэрбум нь шинээр, 53.9 тэрбум нь шилжсэн эд хөрөнгө байгаа аж.
С.УУЛ