2014 онд анх байгуулагдсан "Lhamour" брэнд энэ онд Азийн шилдэг гоо сайхны бүтээгдэхүүн төрөлд шагнал хүртэж, Монгол улс хэрэглэгчээс үйлдвэрлэгч орон болж хөгжиж буйг Азийн орнуудад зарласан. Богино хугацаанд эх орныхоо нэрийг тивийнхээ зах зээлд гаргаж буй тус компанийнхан "Тод инээмсэглэл" ТББ-тай хамтран хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сайн үйлсийн аян санаачлан, зохион байгуулж эхэлжээ. Аяны хүрээнд дунд сургуулийн сурагчдыг эрүүл мэндийн үзлэг хамруулж, амны хөндийн ариун цэврийг хэрхэн сахих, шүдээ болон гараа хэрхэн зөв угаах талаар мэргэжлийн эмч нар хичээл зааж, хонины сүүлний тостой саван бэлэглэж буй аж. Уг сайн үйлсийн аян өнөөдөр 58 дугаар дунд сургуулиас эхэлжээ.