Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс дөрвөн жил зургаан сар хорих ял шийтгэсэн билээ. Л.Гансүх нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд өчигдөр гомдлыг нь хэлэлцлээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид хурлыг нээлттэй, зурагтаар шууд дамжуулах хүсэлт гаргасан. Гэвч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь хангасангүй. Мөн Л.Гансүхийг ч Нийслэлийн давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхэд авчралгүй, цахим сүлжээгээр хуралд оролцуулсан юм.
Харин хурлын танхимд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар ажиглахаар ирсэн байв. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Би Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүн. Шүүхийг шударга, хараат бус байдалтай ажлаасай гэж хүсэж энд ирсэн. Монголын ард түмэн тав хоног энэ хэргийн шүүх хурлын явцыг харсан. Нунтаг хог шороог үнэлээд Л.Гансүхийг шоронд хийлээ шүү дээ. Шүүх намын бүлэглэлийн толгойдоо зайдалж суусан хэдэн луйварчдын дохиур битгий байгаасай. Шударга шүүгээсэй гэдэгт би байр сууриа илэрхийллээ.Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймгийн гишүүний хувьд Дарханаас өрсөлдөж байсан энэ хүний талаар байр сууриа илэрхийлж байна. Ер нь Монголын хууль шүүхийн байгууллага өөрсдийгөө том гэж бодсон улс төрчдийн бүлэглэлийн зодооны хэрэгсэл болно гэдэг аюултай” гэлээ.
Шүүх бүрэлдэхүүн нэлээд удаан зөвлөлдөж хэлэлцсэний эцэст 19.30 цагийн үед шийдвэрээ гаргаж, Л.Гансүхийг дөрвөн жил зургаан сар хорих, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, “Багануур” ХК-д учруулсан 2.5 тэрбум төгрөгийн хохирлыг тэднээс хувь тэнцүүлэн гаргуулах тогтоолыг хэвээр үлдээлээ.