Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулах яриа хэлэлцээг өнгөрсөн онд эхлүүлсэн.
Гэвч тус хөтөлбөр “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатарын хариуцлагагүй мэдэгдлээс болж зогсонги байдалд орсон талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдэгджээ.
Тэрбээр энэ сарын 11-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам, тээврийн сайд М.Зоригт нарт албан бичиг хүргүүлж, Л.Пүрэвбаатарт арга хэмжээ авахыг хүсчээ.
Уг мэдээлэл өчигдөр цахим хуудсанд дэлгэгдсэн бөгөөд “1949 оны хэлэлцээрийн тухайд хоёр талын ажлын хэсэг 2015 оны хоёрдугаар сард ОХУ-д уулзах үеэр үүнийг шинэчлэн байгуулах талаар хөтөлбөрт тусгах томъёоллыг тохироод байсан.
Гэвч сүүлийн үед Оросын тал энэ асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, хөтөлбөрийн төслөөс хасах саналаа илэрхийлээд байна.
Оросын тал үүнийг тайлбарлахдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар Монголын талын зарим хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж, энэ талаар хятадуудтай яриа хэлэлцээ хийж байгаа талаар мэдээлсэн.
Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод байна” гэсэн байна.
Мөн дээрх мэдээллийг Зам, тээврийн сайд М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ. Түүнээс энэ талаар тодруулах гэсэн боловч бид холбогдож чадсангүй. Харин “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-Таныг “Улаанбаатар төмөр зам”-ын хувьцааг Хятадын талд шилжүүлэх гэж байгаа гэх мэдээлэл гарлаа. Энэ үнэн үү?
-Гадаад хэргийн сайдын тараасан уг мэдээллийн ард Ё.Манлайбаяр гэх хүн бий. Энэ хүн өмнө нь Зам, тээврийн яамны газрын даргын алба хашиж байсан. Одоо Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаа.
Би компанийн ерөнхий захирал биш, төмөр замын дарга. Хувьцааны асуудал надад ямар ч хамаагүй. Миний нэрээр хоёр орны найрамдалт харилцааг сэвтүүлэх ажил хийж байх шиг байна.
-Хоёр орны харилцааг сэвтүүлэх ажлыг таныг хийж байгаа гэх юм?
-Би тийм яриа хийх эрхтэй албан тушаалтан биш. Монгол, Орос, Хятад гурав хамтарсан төмөр замын тээвэрлэлтийн компани байгуулах гэж байгаа. Уг гурван талын хамтарсан компанид “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг багтана.
Үүнээс үүдэж гуравдагч тал болох Хятадад хувьцаагаа өгөх гэж байна гэсэн ойлголтын зөрүүтэй асуудал гарч байх шиг байна. Яаж ч бодсон төмөр замын дарга хувьцааг шилжүүлэхгүй шүү дээ.
Засгийн газар хооронд хэлэлцэх асуудал. Би Хятадын талд юу ч санал болгоогүй. Иймэрхүү эрэмдэг улс төр явж л байдаг шүү дээ.
-Ё.Манлайбаатар гэх хүн ийм мэдээлэл түгээж байгаа гэлээ. Танд энэ баримт нь бий юү?
-Монголын нутаг дээр төмөр зам бариулахгүй, улмаар Орос, Монголыг энэ асуудлаас болж маргалдуулах гэсэн сонирхол бий байх.
Г.ЦЭЦЭГ