Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар өвөлжилтийн байдалтай танилцаж, үнэлгээ хийх зорилгоор баруун аймгуудад ажиллаж буй Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өчигдөр Баян-Өлгийг зорьжээ.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэгт ХХААЯ, ЭМСЯ, ЗТЯ, ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-ын албан тушаалтнууд багтан, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт ажиллаж байна.
МЯНГАДАД ХУВААРИЛСАН МАШИНЫГ МӨНХХАЙРХАНД
ШИЛЖҮҮЛЭХИЙГ ХҮСЭВ
Тус ажлын хэсэг энэ сарын 18-19-нд Ховд аймагт ажиллажээ. Энэ өвөл тус аймагт нийт 4.2 сая мал өвөлжиж байна. Засгийн газрын энэ оны 292 дугаар тогтоолын дагуу өвөлжилтийн бэлтгэлээ 90 хувьтай хангажээ.
Өчигдрийн байдлаар Ховдод өвөлжилт хэвийн, Алтай, Үенч, Булган, Мөнххайрхан, Мөст сумын нутагт уул болон тал газартаа 15-20 см цастай, нэмж орвол өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа аж.
Энэ аймагт өнгөрсөн зун тарваган тахал, боом өвчин гарч, 76 сая төгрөгийн өрөнд оруулжээ. Эдгээр өвчинтэй тэмцэх ажилд оролцсон, зохион байгуулсан орон нутгийн төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагууд шатахуун түгээх станцуудад тавьсан бензиний өрөө хэрхэхээ мэдэхгүй сууж байна.
Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтангэрэл “ЭМСЯ-наас энэ онд парк шинэчлэх ажлын хүрээнд Дарви, Мянгад, Мөст, Ховд сумын эмнэлэгт автомашин өгөхөөр шийдвэрлэсэн. Байдал хамгийн хүнд байгаа сум нь Мөнххайрхан.
Аймгийн төвөөс 180 гаруй км зайтай, зам хаагдвал тойрч 210 км явдаг.
Өнгөрсөн зуны үерт зам нь их эвдэрсэн, түргэн тусламжийн машиных нь гүйлтийн норм дууссан тул бүрэн зогссон.
Энэ сумын иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд аймгийн ЗДТГ-ын машиныг ашиглаж байгаа тул ЭМСЯ-наас Мянгад суманд хуваарилсан түргэний автомашиныг Мөнххайрхан суманд шилжүүлж өгнө үү. Мөн дуудлагаар явах бензин, шатахууны асуудал үнэхээр хүнд байна. Иймд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлнэ үү” гэж ажлын хэсгээс хүсчээ.
ХХААГ-ын дарга З.Лувсан ч шатахууны зардал хүссэн байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж Улсын онцгой комиссын ажлын хэсэг үзжээ.
БАЯН-ОВООД МӨСӨН УЛ ТОГТОЖ, МАЛ БЭЛЧИХ
АРГАГҮЙ БОЛЖЭЭ
Үүний өмнө ажлын хэсэг Өвөрхангайд очсон. Хайрхандулаан сумын хүн эмнэлэг яаралтай тусламжийн машингүй болсныг эс тооцвол тус аймагт өнтэй сайхан өвөл болж байна. Харин Баянхонгорын зарим суманд тэнгэр таатай хандсангүй. Тус аймгийн 20 сумын 104 багийн 11.859 өрхөд 3.7 сая мал өвөлжиж байна.
Гурванбулаг суманд Архангайн Хангай, Завханы Отгон, Их-Уул сумаас 17 мянган мал орж ирснээс бэлчээр хүрэлцэхээ байжээ. Байдраг сумын хойд, Баацагаан сумын зүүн хойд, Баянлиг сумын ихэнх нутагт бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрчээ.
Өнгөрсөн зун зуншлага оройтсон, мал тарга тэвээрэг бүрэн авч чадаагүй, малын тоо 2.6 саяас гурван сая болж өссөн нь үүнд нөлөөлжээ. Аймгийн хэмжээнд 6724 тн хадлан, 467 тн тэжээл, 483 тн гар тэжээл бэлтгэсэн байна.
Аймаг, сумын нөөцөд 1250 тн өвс, 650 тн тэжээл бэлтгэх ёстой ч өвсний 78, тэжээлийн 32.9 хувийг бүрдүүлжээ. Энд тал газартаа 10-30 см зузаан цастай, ялангуяа Байдрагт өдөр бүр цас хялмаалж, өнгөрсөн сараас эхлэн 40 хэмээс давж хүйтэрсэн нь өвөлжилт хүндрэхэд нөлөөлжээ.
Одоогоор 94 өрхийн 381 иргэн таван аймагт малаа оторлож байгаа аж. Байдраг, Заг, Баацагаан, Баянлиг суманд өвөлжилт хүндэрч, бэлчээрийн даац хэтэрсэн, Баян-Овоод намар орсон цас хайлж, мөстсөний дараа нэмж цас орсноос мөсөн ул тогтож, мал бэлчих аргагүй болжээ.
ГОВЬ-АЛТАЙН ЗУРГААН СУМАНД ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧЭЭ
Говь-Алтайн Дэлгэр, Эрдэнэ, Цогт, Есөнбулаг, Халиун, Шарга суманд 10-40 см цастай, өвөлжилт хүндэрчээ.
Аймгийн хэмжээнд 6688 тн өвс, 468 тн тэжээл, аюулгүйн нөөцөд 160 тн өвс, 30 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 730 тн өвс, 182 тн тэжээл бэлтгэсэн ч малчид мөнгөгүй, дийлэнх нь малаа банкны барьцаанд тавьж зээл авсан ч түүнийгээ төлж чадахгүйд хүрсэн байна.
Тус аймгийн малчид 332.967 мал борлуулах хүсэлтэй байгаа ч хонины нэг кг мах 2800, үхрийнх 3500, ямааных 1800 төгрөгийн үнэтэй, борлуулалт тааруу байгаа аж.
“Говь-Алтай АЗЗА” ТӨХК 183 сая төгрөгийн авлагатай, 114 сая төгрөгийн өртэй, арваннэгдүгээр сараас эхлээд цалингаа тавьж чадаагүй байгаа гэнэ.
Улсын онцгой комиссын ажлын хэсэг энэ байдалтай танилцаад Улсын онцгой комисстой зөвлөсний үндсэн дээр тус аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны автомашин олгохоор шийдвэрлэжээ.
Х.БОЛОР