Нийслэлийн Өмч хувьчлалын комисс өчигдөр хуралдлаа. Энэ үеэр “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилга, газрыг хувьчлах үйл явц болон хувьчлагдсан зарим хөрөнгийг шилжүүлэх тухай тогтоол гаргах асуудлыг хэлэлцсэн юм.
Монгол Улсын иргэн Абдул Карим өнгөрсөн сарын 30-нд болсон нээлттэй дуудлага худалдааны үеэр хэвлэх үйлдвэрийн барилгыг 2698 ам метр газартай нь хамт 24 тэрбум төгрөгөөр авах санал хэлж, ялалт байгуулсан.
Гэвч тэрбээр энэ сарын 4-нд ялагчийн эрхээсээ татгалзсан билээ. Тиймээс дараагийн үнэ санал болгосон “Таван богд” группийн захирал Ц.Баатарсайханд дуудлага худалдааны журмын дагуу хэлсэн үнээрээ уг барилгыг, газартай нь авах санал хүргүүлсэн.
Тэгвэл Ц.Баатарсайхан өнгөрсөн баасан гаригт уг өмчийг худалдан авахаар гэрээ байгуулжээ. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар “Ц.Баатарсайхан дуудлага худалдааны дэнчингийн үнэ болох 715 сая төгрөгийг Төрийн сангийн дансанд байршуулж, гэрээ хийсэн.
Харин үлдэгдэл төлбөр болох 23 тэрбум 135 сая төгрөгийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний дотор тушаах ёстой” гэв. Тэрбээр өмчийн үнийг хугацаандаа төлбөл тухайн газрыг түүнд 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх юм байна.
Анхны дуудлага худалдаанд ялалт байгуулсан Абдул Каримын дэнчингийн 715 сая төгрөг улсын орлого болж буй. “Өмчийн үнийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчийн эрх хүчингүй болдог.
Абдул Карим нийслэлийн Өмчийн харилцааны газартай гэрээ байгуулж, энэ сарын 13-ны дотор өмчийн үнийг төлөх үүрэг хүлээсэн. Бид журмын дагуу түүнийг хүлээсэн ч өмчийн үнийг төлөөгүй учир дараа өдөр нь “Таван богд” группэд санал хүргүүлсэн.
Үүнийг ялагчаас татгалзах хүсэлт гаргасантай холбож болохгүй. Бид дуудлага худалдааны үйл явцыг хуулийн дагуу зохион байгуулсан. Тэгээд ч тэрбээр ялагчийн эрхээс татгалзах хүсэлтдээ чухам ямар учраас ингэх болсон талаараа дурдалгүй, “хүндэтгэх шалтгаан” л гэсэн байсан.
Түүний хувийн санаа бодолдоо тулгуурлан гаргасан уг үйлдэл нийгэмд буруу дохио өгсөн. Тийм учраас би түүнд хандаж захидал илгээсэн. Албаны хүмүүс цаашид ийм асуудалд анхааралтай хандах ёстой.
Дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй гэдгийг урьдчилан анхааруулж байх ёстой. Энэ мэтээр өмч хувьчлалаар тоглож болохгүй” гэж нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ярив.