Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн зөвшөөрлөөр олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор боллоо.
Тодруулбал, ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадралд 24 сая төгрөг, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон 15 дахь удаагийн олон улсын циркчдийн наадамд Т.Будын “Нууц хувьсал” шидэх банзны үзүүлбэрээр мөнгөн медаль хүртсэн Монголын үндэсний циркийн 12 жүжигчинд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэж шагналд шаардагдах хөрөнгийг Соёл, урлагийн зардлаас гаргах юм байна.