Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн комиссар Р.Чингис “Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан амь насаа алдсан хэргийн шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр тушаал гаргаж, Мөрдөн байцаах газрын дэд даргаа ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байгаа аж. Тус ажлын хэсгүүд яг одоо Өмнөговь, Хөвсгөл аймгуудад ажиллаж буй.
Тэгвэл Засгийн газрын өчигдөрийн ээлжит хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны 652527.98 га бүхий талбайг нөөцөд авсан талаар мэдээллээ.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр "Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Тост, Тосон бумбын нурууг нөөцөд авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нөөцөд авна гэдэг нь тус бүс нутагт хайгуулын лиценз олгохыг зогсооно гэсэн үг. Мөн өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа хязгаарлах юм" гэв.