53000 гаруй хүүхдэд II шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай амбулатори өнгөрсөн сард Чингэлтэй дүүргийн XV хороонд үүдээ нээсэн. Тус амбулаторийг Энхтайван хөгжлийн сангийнхан 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар барьж, нийт 250 мянга орчим ам.долларын, сүүлийн үеийн дэвшилт тоног төхөөрөмж суурилуулж өгсөн бол өчигдөр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг буюу ТИКА-гаас 80 сая төгрөгийн техник хэрэгсэл хандивлав. Хүүхдийн амбулаторийн эрхлэгч Б.Баянмөнх “ТИКА-гийн хамт олон чих, хамар, хоолой, шүдний иж бүрдэл, лабораторид нэн шаардлагатай төхөөрөмжүүд бэлэглэсэнд туйлын баяртай байна. Энэ төрлийн тусламж, үйлчилгээ нэлээд ачаалалтай байдаг л даа. Тус байгууллага нь нийслэлийн ЗДТГ, Эрүүл мэндийн газартай хамтран ажилладаг” гэж ярьсан бол ТИКА-гийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулалтын газрын дарга Экрэм Калан “Хүүхэд бол тухайн улсын ирээдүй. Тиймээс тэдний эрүүл мэнд маш чухал. Цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах бодолтой байгаа” гэсэн юм.
Хүүхдийн амбулатори ашиглалтад орсноосоо хойш нэгдүгээр давхартаа дүрс оношилгоо, лаборатори, гэмтэл, мэс заслын тусламж үзүүлж буй бол хоёрдугаар давхарт бүх төрлийн өвчнийг оношилж, эмчилж байна. Тухайлбал, чих, хамар, хоолой, нүд, шүд, гэмтэл, мэс засал гэх мэт. Зоорийн давхарт сэргээн засах, хөдөлгөөн засах, ариутгал, угаалга гээд бусад параклиникийн эмчилгээ, үйлчилгээ нь хэвийн явж байв. Нийт 57 эмч, сувилагчтай тус амбулаторид өмнө нь рентген, дижитал рентген, 4D ЭХО болон шинжилгээний аппарат, лабораторийн анализаторууд суурилуулсан юм.