АШУҮИС сургалтын эмнэлэгтэй болохоор 2010 оноос төсөл боловсруулж, 2012 оны наймдугаар сард Японы ЖАЙКА олон улсын байгууллагад хүсэлт гаргаснаар өдгөө тус улсын Засгийн газрын ивээлд багтжээ. Тодруулж хэлбэл, АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг барих гэрээнд Япон улсаас Монголд суугаа Элчин сайд Т.Шимүзү, ЖАЙКА-гийн Монгол дах суурин төлөөлөгч Сато, БСШУ-ы сайд Л.Гантөмөр, ЭМСЯ, хотын удирдлагууд өчигдөр гарын үсэг зурж, баталгаажуулсан юм.
Төслийн зорилго нь улсдаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах, их сургуулийн эмнэлгийн тогтолцоо бий болгох, Монголд анагаах боломжгүй 35-36 өвчнийг оношилж, эмчлэх, салбарын хэмжээнд сургалт, судалгаа цогцоор нь явуулахад чиглэсэн байна. Тэгвэл уг төслийг шинэчлэлийн Засгийн газар 2013 онд дэмжиж, аравдугаар сард нь нийслэлийн Засаг даргын захирамжаар их сургуулийн эмнэлгийг Баянзүрх дүүргийн VIII хороо буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс ялимгүй холхон бариулахаар найман га газар олгожээ. Энэ дагуу Японы “Ямашитэ Сэкэй”, “Асуса” компани болон ЖАЙКА-гийн судалгааны багийнхан АШУҮИС-ийн багш, эмч, мэргэжилтнүүдтэй хамтраад эмнэлэг барихад шаардлагатай судалгаа хийсэн аж. Ингэхдээ судалгааны дүнгээ БСШУЯ, ЭМЯ, ЖАЙКА-д танилцуулан, гэрээг гурван удаа баталгаажуулсан байна. Тиймээс энэ оны 8-10 дугаар сард эмнэлэг барих компанийг сонгон шалгаруулж, гүйцэтгэгчээр нь “Канто констракшн” шалгарсныг өчигдөр танилцуулав. Барилгын ажлыг 2016 онд эхлүүлж, 2018 оны нэгдүгээр улирал гэхэд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа аж.