Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2015 оны долдугаар сарын 2-ны өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө. Хүүхэд харах үйлчилгээ нь сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй, хөдөө алслагдсан газар, нутагт амьдарч байгаагаас шалтгаалан сургуулийн өмнөх боловсролд хамрагдахгүй байгаа бага насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйлчилгээ үзүүлэн нэг талаас хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нөгөө талаас эцэг эхчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаа нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэр юм.
Манай улсад 2-5 насны 266 мянган хүүхэд байгаагаас 59 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа аж. Хүүхэд харах үйлчилгээ бий болсноор сургуулийн өмнөх боловсролын эрэлт, нийлүүлэлтийн харьцаа тэнцвэржиж, 15-30 мянган иргэн ажлын байртай болно хэмээн үзэж буй. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах нэг хүүхдийн сарын хоолны зардалд 36300 төгрөг, хувьсах зардалд 70500 төгрөгийн зардал олгогдохоор байгаа бөгөөд 2016 оны улсын төсөвт 10.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.