Австралийг зорихдоо бид Бээжинд очиж виз мэдүүлдэг байсан бол тун удахгүй эх орондоо Австрали руу зорчих визний хүсэлт гаргаж, зөвшөөрсөн тамга даруулдаг болох нь ээ. Австралийн холбооны улсын элчин сайдын яам Монгол Улсад нээгдэж байгаа юм.
Өнөөдөр тус улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантрид Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж итгэмжлэх жуух бичиг барилаа.
Жуух бичиг барьсаны дараа болсон уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Австралийн ЭСЯ нээгдэж буй нь хоёр улс харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл хэмээн онцоллоо. Харин Элчин сайд Ж.Лантри хоёр тал эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, уул уурхай зэрэг салбарт амжилттай хамтран ажиллаж байгааг дурдаад харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ тэмдэглэн хэлэв.