Дорноговь, Говьсүмбэр аймгийн Улсын тусгай хамгаалалттай бүсэд аргаль, угалзыг автомашин, мотоциклиэр хөөж хууль бусаар агнаж буйг шалгалтаар тогтоожээ.
Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Чойрын богд уулын хамгаалалтын бүсэд тулган “Сүмбэр” гэх агнуурын бүс байгуулан аргалийн тархац нутагт цөөрөм тогтоож, үржлийн насны хоёр аргалийг гадаадын анчдаар агнуулсан байжээ.
Мөн энэ онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Хутаг уул” агнуурын бүс нутагт “Монгол сафари” ХХК хууль бусаар аргаль, угалз агнуулсныг холбогдох байгууллагад нь шалгуулахаар шилжүүлсэн гэнэ.
Энэ талаар “Монголын мэргэжлийн анчдын холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Хурц өчигдөр мэдээлж, “Иргэд нь зээр, гөрөөс, чоно зэрэг амьтнаа дур мэдэн агнаж, төр агнуулах амьтдын тоог үндэслэлгүй баталж байна.
Салбарын үе үеийн сайдад энэ талаар хэлж байсан ч агнах амьтдын тоог нэмсээр байсан. Салбарын яамнаас ирэх онд 50 аргаль агнуулахаар болсон. Гэтэл Засгийн газар энэ тоог 10-аар нэмж баталжээ.
Амьтдын өсөлт, төлжилтийг тооцоолдог компаниуд буруу тооцоо гаргаж, түүнд нь үндэслэн агнах тоог гаргаж байна. Тухайлбал, “Монгол сафари” ХХК байна. Тус компани амьтдын судалгаа гаргадаг. Тэгсэн атлаа агнуурын компанитай.
Тэд “Хатанбулаг суманд агнаж болох 19 угалз бий. Угалзын нөхөн төлжилт 64 хувь байна” гэсэн худлаа судалгаа гаргасан. Гэтэл тоо баталж буй хүмүүс үүнийг нь үндэслэн агнах зөвшөөрөл олгосон.
Тиймээс үүнийг эсэргүүцэж, судалгааг дахин хийе гэж байгаа юм. Бид Тусгай хамгаалалттай газар нутгийн хилд тулган агнуурын бүс нутаг тогтоохыг таслан зогсоож, холбогдох хууль, журамд нэн даруй өөрчлөлт оруулах санал дэвшүүлсэн.
Хэрэв арга хэмжээ авахгүй бол баталсан шонхрын тоон дээр нууцаар дахин 60 толгойг нэмсэн гэх мэт баримтыг ил болгоно” гэсэн юм.