Бидний нэрлэж заншсанаар Хөдөө аж ахуйн яамны урд байрлах автобусны буудал орчимд шөнийн 01.00 цагийн үед амьдрал ид өрнөж эхэлдэг аж. Согтуу хөлчүү, хөгшин залуу гээд зүсэн зүйлийн хүн тэнд юу хийж яваа нь тодорхойгүй, зүгээр л холхилдох юм.
Автомашин хүртэл өнгө, маркаараа холилдон чихэлдэнэ. Энд хаана ч дийлдэхээ байсан бизнес өрнөж буй нь тэр. Биеэ үнэлэгчид хажуугаараа өнгөрөх машин бүрийг горьдлогын харцаар ширтэж байх аж.
Манай сурвалжлах баг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн алба хаагч нартай шөнийн сурвалжлага хийсэн юм. Биеэ үнэлэгчид 01.00 цагаас наана “ажилдаа” гардаггүй болохоор бид тэр цагийг хүлээн цэнгээний газруудаас сурвалжлагаа эхлүүллээ.
Бид хамгийн түрүүнд шоу цэнгээний гудамж болж “хувирсан” Баянзүрх дүүргийн VII хороонд байрлах “Баянцээл” худалдааны төв орчмын цэнгээний газруудаар явлаа.
Дөнгөж 20.00 цаг болж байхад энэ хавь хөлчүү залуусаар дүүрчээ. Тус хороонд үйл ажиллагаа явуулдаг “Батхаан” караоке үйлчлүүлэгчдээ хэдийнэ аваад эхэлсэн байв.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн алба хаагч нар караокений зохион байгуулагчаас үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө шалгуулахыг хүслээ. Зохион байгуулагч нь бололтой нэгэн эмэгтэй “Би хариуцсан хүн нь биш. Гэхдээ зөвшөөрлөө үзүүлье” гээд хагас цаг орчим дээш доош гүйж, хайлаа.
Бас хэдэн тийшээ утсаар ярьсан. Тэгж тэгж “Байхгүй” гэдэг хариу өгдөг юм байна. “Тусгай зөвшөөрөл байхгүй бол яг одоо үйл ажиллагаагаа зогсоо” гэж цагдаа нар хэллээ. Гэтэл нөгөө эмэгтэй “Та нар одоо юун сүртэй юм. Огт байхгүй бол юу гэж л өдий хүртэл үйл ажиллагаа явуулж байх вэ” гэж хялмалзан ихэд ундууцлаа.
Уг нь тусгай зөвшөөрлийг чинь “сайхан жаазлаад”, үйлчлүүлэгч нартаа харагдахаар газарт байрлуулж байх ёстой гэсэн шаардлага тавьдаг шүү дээ. Гэтэл тэр эмэгтэйн байр байдлыг хараад “үгүй ч бил үү” гэж өөртөө эргэлзсэнээ нуух юун.
Тэр караокегоос гараад дахин хэд хэдэн ийм газраар орлоо. Тусгай зөвшөөрөлтэй байгууллага нэг ч таарсангүй. Гэхдээ сэтгүүлчдийг дагуулсан “айхтар” шалгалт явж байна гэх мэдээлэл аль хэдийнэ тэр хавиар тархсан байв.
Энд бас нэг караокег дурдахгүй өнгөрч болохгүй нь. Биднийг явж орох үед “Банана” гэх цэнгээний газрынхан хүчин төгөлдөр хугацаатай тусгай зөвшөөрөл үзүүлж гайхал төрүүллээ. Уг нь бид “Oakland” гэдэг караокед орсон юм.
Тэр зөвшөөрлийг сайтар харвал өнгөтөөр хэвлэсэн байв. Харин бармен бүсгүй их л итгэлтэйгээр “Манайх угаасаа “Банана” гэдэг караоке ш дээ” гээд байх юм. Цагдаа нар түүнд “Юу яриад байгаа юм бэ. Танайх чинь “Oakland” биз дээ” гэхэд “Үгүй ш дээ” гээд нүдээ ч цавчсангүй.
Нээрээ юү гэдэг газарт орж ирлээ гэж бодоод буцаж гараад хаягийг нь харлаа. Эргэж орж ирээд цэсийг нь үзлээ. Яалт ч үгүй “Oakland” гэж байх юм. Үүнийг нь хэлсний дараа л “За за. Тийм ээ. Манай түрээслүүлэгч л энийг үзүүлээрэй гэсэн юм” гэж өөр байгууллагын зөвшөөрөл үзүүлсэн “хэргээ хүлээлээ”.
Тэр хавьд тусгай зөвшөөрөлтэй цэнгээний газар байгаагүй гэдгийг энд тэмдэглэе. Учир нь архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэнгээний газар 3000 хүн тутамд нэг байхаар заажээ. Гэтэл Баянзүрх дүүргийн VII хороо 7000 мянган хүн амтай. Согтууруулах ундаагаар үйлчилдэг 30 гаруй аж ахуйн нэгжтэй. Тэгэхээр 230 хүнд нэг цэнгээний газар ногдож байна гэсэн үг.
Мэдээж хүүхэд, хөгшид ороод шүү дээ. Эдгээр газар бүгд л “Бид уг нь тусгай зөвшөөрөлтэй. Хугацаа нь саяхан дууссан юм. Сунгуулахаар өгчихсөн байгаа. Тэд нар хуулийн хугацаандаа багтааж ажлаа хийгээгүйгээс болж бид ийм байдалд орлоо” гэж байв.
Үнэндээ энэ зөвшөөрлийн хугацаа хэзээ дуусаж байгаа, сунгах ажил хэдий хугацаанд үргэлжилдгийг хэнээс ч илүү мэддэг хэр нь заавал дууссаны дараа сунгуулахаар өгдөг нь хачирхалтай.
Хугацаа нь дууссан гэдэг нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй л гэсэн үг. Гэтэл өөрсдөө тэгж боддоггүй бололтой.
Энэ талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах ахлах байцаагч, ахлах дэслэгч Б.Чинбат “Шинэ жилийн баяраа тэмдэглэх гэж буй иргэд, аж ахуйн нэгжүүд захиалга өгч буй үйлчилгээний газрынхаа тусгай зөвшөөрлийг шалгаж байх хэрэгтэй.
Магадгүй та бүхэн захиалгаа өгөөд, тодорхой хэмжээний мөнгө төлчихөөд байтал цагдаагийн байгууллага тухайн газрыг чинь зөвшөөрөлгүй гээд үйл ажиллагааг нь зогсоочихвол хохирч болзошгүй гэдгийг анхааруулмаар байна” гэв.
Бид 00.00 цагийн үед нийслэлийн Хан-Уул дүүргийг зорилоо. Тэндхийн Цагдаагийн I хэлтсийн алба хаагч нар оршин суугчдынхаа автомашины хучлага дээр улсын дугаарыг нь тэмдэглэж байх үед очсон юм.
Хучлаганы хулгай нийслэл даяар газар авсан гэдэгтэй маргах хүн үгүй. Машины хучлага дээр улсын дугаараа шүршдэг будгаар бичсэн байхыг бид харж л байсан. Гэхдээ үүнийг цагдаа нар бичдэг гэдгийг мэдээгүй юм. Ингээд биччихвэл ядаж л энд тэнд зарагдахаас хамгаалах, буцааж олоход эзэн нь хучлагаа таних боломжтой болж байгаа аж.
Мөн намрын цагт өвлийн бэлтгэлээ базаагаагүй залхуу нэг нь хүний машины хучлага хулгайлж гэрээ дулаалдаг аж. Хучлага тэнэмэл хүмүүсийн ч нүдний гэм гэнэ. Траншейнд хоног төөрүүлдэг тэдэнд түүн шиг сайхан хөнжил гэж юу байх вэ. Иймээс бид тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн алба хаагчидтай 19 дүгээр хороололд байрлах нэгэн траншейнд очлоо.
Тэнд нэг эмэгтэй, хоёр эрэгтэй дуг нойрондоо дугжирч байв. Тэд мэдээж согтуу. “Гэр” нь архины шил, элдэв хог новш дүүрэн, үнэр гэж огиудас төрүүлэм байлаа. Эмэгтэйнх нь нүүр хүн харахын эцэсгүй хавдаж, халтартсан амьтан “Хэн бэ, Яах гээд байгаа юм бэ?” гэж урилгагүй зочдоо тээршаан угтав.
Түүний хоолой эр, эм нь мэдэгдэхээргүй бүдүүн, сөөнгө аж. Цагдаа түүнээс “Та нар хучлага авсан уу” гэж асуухад “Бид нар аваагүй” гэв. Үнэхээр л тэнд хучлага гэхээр зүйл байсангүй. Үнэрээс нь болж тэнд удаан байх хэцүү байсан тул цагдаа нар үлдэж, бид бушуухан гарлаа.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн жижүүрийн болон эргүүлийн ээлжтэй байгаа ажилтнууддаа халуун хоол, аарц тараадаг юм байна. Түүгээрээ биднийг ч мөн дайллаа. Тус дүүргийн орчимд хотын төвийг бодвол илүү хүйтэн ажээ.
Хоёр голын дунд байдаг тул их хүйтэн гэж “нутгийн” хүмүүс ярьцгаав. Ийнхүү машинд суун халуун аарц уун, жаахан дулаацаж байх үед бидний дэргэдүүр тусгай дуут дохио ажиллуулсан хар машин хурдтай явж өнгөрлөө. Энэ үеэр тэнд үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаа машиныг зогсоон шалгасан юм.
Гэтэл жолооч болон зорчигч нь согтуу байв. 07-00 УНЕ улсын дугаартай хар өнгийн “Ланд круйзер-200” маркийн автомашин Цэрэнпилийн Батхуяг гэж хүний эзэмшлийнх аж. Уг нь тусгай дуут дохио ашиглах эрх хувь хүнд байх ёсгүй.
Гэтэл хууль зөрчин өөртөө ийм эрх олгож, тэр машинаа архинд дуртай дүүдээ өгөөд явуулсан бололтой. Дүү нь цагдаа нарын өөдөөс “томорч”, “Би хоншоортой юм шиг өөрөө журмын хашаанд чинь машинаа аваачаад өгье” гэж өвлийн хүйтэнд гадуур хувцсаа тайчин ханхалзаж байв.
Тэр ч бүү хэл, машиныг нь журмын хашаа руу ачихаар ирсэн хүмүүс болон цагдаа нартай ноцолдож үйлийг нь үзэж байлаа. Түүний согтуурлын хувийг цагдаа зориулалтын багажаар хэмжихэд 1.18 гэж заасан юм. Энэ нь нэлээд өндөр хувь гэж албаныхан хэлсэн.
Түүнээс тайлбар авах ч мөн хэцүүхэн байсныг энд дурдах нь зүйтэй. Учир нь асуулт тавиад байхад л утсаар ярьж “Та дүүгээ эрүүлжүүлэхээс авах юм уу, би баригдчихлаа шүү дээ” гэж гавьяа байгуулсан хүн шиг ярьж байсан юм.
Түүнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. Тодруулбал, жолоо барих эрхийг нь 11 сараар хасаж, 384 мянган төгрөгөөр торгов. Харин машиныг нь журмын хашаанд хийлээ.
0700 УНЕ дугаартай автомашиныг ачиж буй бичлэг
Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга, хурандаа С.Хүрэлбаатар “Манай дүүрэгт зонхилон бүртгэгддэг гэмт хэрэг бол гэр бүлийн хүчирхийлэл. Бид “Хөршийн хяналт” арга хэмжээ хэрэгжүүлснээс хойш энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдэх нь нэмэгдсэн.
Бид үүнийг далд байсан гэмт хэрэг ил болж байна гэж харж буй. Өмнө нь иргэд хажуу айлд нь юу ч болсон бидний асуудал биш гээд тоодоггүй байсан. Одоо бол “Энэ айлын хүүхэд их уйлаад, аав нь чанга дуугараад, ээж нь уйлаад байх шиг байна” гэх мэт мэдээлэл ирүүлдэг болсон.
Өөрөөр хэлбэл, бугласан идээ бээр нь гадагшилж байна гэж ойлгож болох байх. Мөн автомашины хучлага хулгайлах нь их. Тиймээс бид харьяа хороодынхоо оршин суугчдын машины хучлагад улсын дугаараар нь тэмдэг тавьдаг.
Ингэснээр энэ төрлийн хэрэг харьцангуй буурна гэж найдаж байгаа. Иргэд ч өөрсдийн эд хөрөнгөндөө эзэн болж, харж ханддаг байх хэрэгтэй” гэж ярив.
Ингээд бид 02.00 цагийн үед буцаад Баянзүрх дүүргийг зорилоо. Одоо л тэнд биеэ үнэлэгчид “ажилдаа” орсон байгаа. Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн алба хаагч нарын тусламжтайгаар хоёр биеэ үнэлэгчийг “барьсан” юм. Тэдний аюулгүй байдлын үүднээс нэрийг нь нууцалъя.
1990 онд төрсөн Х энэ газарт биеэ үнэлээд дөрвөн жил болж байгаа аж. Түүний хэлснээр эдийн засаг хямарснаас болж сүүлийн үед орлого их муу байгаа гэнэ. Тэрбээр нөхрөөсөө салсан, бага насны хүүхэдтэй.
Хүүхэд нь аав ээжтэй нь амьдардаг аж. Түүнийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 30 хоног баривчилахаар цагдаа тайлбар авлаа.
“Овог, нэр хэн бэ” гэхэд нэрээ хэллээ. Овог хэн бэ гэхэд “За наад компьютер дээр чинь гараад ирж байгаа биз дээ” гэж уцаарлав. Тэр эндхийн байнгын “үйлчлүүлэгч” бололтой. Х анх хөдөөнөөс хотод орж ирээд нэг караокед ажилладаг байжээ. Тэр нэг шөнө найз охинтойгоо наргисан гэнэ.
Улмаар мөнгө нь дуусаад эхэлтэл нөгөө найз нь хоёулаа явж мөнгө олъё гэснээр энд дагуулан иржээ. Түүнээс хойш тэрбээр амар хялбар аргаар мөнгө олохын амтанд орсон байна. Гэхдээ түүний хэлснээр тэр шинэ он гаргаад л энэ ажлаа болих гэнэ.
2016 он гарахаар Х нэгэн цэцэрлэгт туслах багшаар орохоор болсон юм байх. Одоо ажиллаж буй багш нь тэтгэвэртээ гарч өгөхгүй болохоор л тэр арга буюу энэ ажлыг хийж байна гэсэн.
Тэрбээр “Энд Хавирга Ууганаа гэж залуу бий. Тэр эхнэрээ зардаг. Түүн шиг эхнэрээ худалддаг хүн олон бий. Жишээлбэл, Билгүүнээ, Мандаа, Ондгоо гэдэг хүн байдаг. Эхнэрүүд нь ч дуртай байдаг юм.
Одоо тэр хавиар зогсож байгаа машинуудад тэр хүмүүс суугаад л хэн ямар хүнтэй хаашаа явах нь вэ гээд хараад сууж байдаг. Эсвэл ойролцоох үйлчилгээний газраас ажигладаг гэсэн. Заримдаа үйлчлүүлэгч нар мөнгөө өгөхгүй зугтана.
Би өчигдөр (пүрэв гаригт) “Сити” зочид буудлын урд нэг залууд зодуулсан. Намайг бүүр үсдэж чирээд олны өмнө онигоо болгосон. Мөнгөө ч авч чадаагүй. Ер нь халдлагад ч олон өртдөг юм. Тэглээ гээд цагдаад мэдэгдэж чаддаггүй.
Заримдаа зээлээр үйлчилнэ. Нэг залуу зөөврийн компьютерээ барьцаанд үлдээж яваад, маргааш нь ирж авсан. Олны танил хүн хүртэл бидэн дээр ирдэг. Гадаадад олон жил болсон хүн ч ирж байсан удаа бий. Ялангуяа эхнэртээ хаягдсан, салсан хүмүүс олон ирдэг юм” гэж ярилаа.
Ер нь түүнд нууж хаах зүйл ч байхгүй юм билээ. Асуулт болгонд дэлгэрэнгүй нь аргагүй хариулж байв. Түүний хэлж буйгаар биеэ үнэлэлт нь зарим хүний хувьд бараг л гэр бүлийн бизнес юм байх.
Удаах нь У. Тэрбээр 1984 онд төрсөн, охинтойгоо амьдардаг гэсэн. Нөхрөөсөө салаад багагүй хугацаа өнгөрч байгаа аж. У сар бүр албадан шинжилгээнд хамрагддаг. Хууль хяналтын байгууллагад “данстай” биеэ үнэлэгч.
Өөрийнх нь хэлснээр сар болгон эрүүл мэнддээ анхаарал тавьж хувиараа шинжилгээ өгдөг гэнэ. Ажлын өдрүүдэд хүүхдээ хичээлд нь зөөгөөд, даалгаврыг нь хийлгээд таардаг. Амралтын өдрөөр л “ажилд” гардаг гэнэ.
Насанд хүрсэн цагаасаа хойш аав ээж, хамаатан саднаасаа туслалцаа авалгүй амьдарч байна гэж “томров”. Тэрбээр “Дандаа ингэж амьдрахгүй л байлгүй дээ. Хэзээ нэгэн цагт больж л таарна шүү дээ” гэж их л дургүй хариулсан. Уг нь том болж байгаа охин хүүхэдтэй хүн эртхэн зөв замаа бараадвал үр хүүхдэд нь хэрэгтэй л баймаар.
Х, У нарын хэлж буйгаар дээрх газарт зогсож биеэ үнэлдэг 18-40 хүртэлх насны эмэгтэйчүүд байдаг гэнэ.
Бид Х-ийн зааж өгсөн “Сити” зочид буудлаар орлоо. Энэ бол тэдний үйлчлүүлэгч нараа дагуулаад ордог газар гэнэ. Гэтэл зочид буудлын ажилтнууд “Манайх зөвхөн жуулчид авдаг” гэж ярьж байв. Үнэндээ жуулчид ордог гэж хэлэхээргүй даржин газар байсан.
Замаас зайдуу, харанхуй мухарт байх энэ буудал сэмэрсэн нимгэн хөшигтэй тул өрөөний доторх нь ил юм шиг л харагдаж байлаа. Ороод үзвэл ихэнх өрөөнийх нь хаалганы цоож эвдэрхий, нурж унах нь холгүй болсон яажгий шаттай юм.
Хивс нь халцархай, гэрэл чийдэн ч үгүй, харанхуй оргисон газартаа бас жуулчид авдаг гээд байгаа. Үнэндээ биеэ үнэлэгчдийн үүр гэдгийг байнгын үйлчлүүлэгчид нь гэрчилсэн.
Үүгээр бидний энэ удаагийн шөнийн сурвалжлага өндөрлөв. Энэ шөнө Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэс 173 дуудлага, мэдээлэлтэй ажилласнаас 19 нь гэмт хэргийн шинжтэй байлаа. Харин Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэс энэ шөнө гэмт хэргийн шинжтэй зургаан дуудлага хүлээн авчээ.
Х.АЗЖАРГАЛ