“Хархорин” худалдааны төвийн зүүн талд шинээр нээгдэж буй “MGL outlet center” гэсэн хаяг бүхий есөн давхар саарал байшингийн үүдээр орохдоо “Хямралын үед худалдааны төв нээгээд ашигтай байж чадах болов уу.
Бусдаас юугаараа өөр юм бол” гэсэн бодолтой байв. Дотогш ортол газраар нэлэнхүйд нь цагаан эсгий зулсан танхимд монгол гэрийн хана дугуйлж, айраг, цагаан идээ сөгнөсөн ширээнд үндэснийхээ дээл, гутал тэргүүтнээр гоёсон худалдагч нар зогссоныг хараад бодол өөрчлөгдлөө.
Говь-Алтай, Булган, Архангай, Баянхонгор, Увс аймгаас ирсэн жижиг, дунд үйлдвэрлэгчид тус төвийн нээлтэд оролцож, хамгийн онцгой гэсэн бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж байв. Мөн Улаанбаатар хотод үйлдвэрлэл явуулдаг хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүд ч ирсэн байлаа.

Тухайлбал, “Хур билиг” ХХК “Шимт бал” хэмээх зөгийн балаа пакеттай цай, кофе шиг нэг удаагийн хэрэглээнд тохируулан жижиглэж савласан нь шинэлэг болжээ.
“Ирмүүн хонгор” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Газрын сувд” сармисны нухаш, хатаасан мангир (хүнхээл) зэрэг бүтээгдэхүүн сав, баглаа боодлоосоо эхлээд хэний ч анхаарлыг татахуйц юм.
Говь-Алтайнхан аймгийнхаа гол брэнд болох цулхирын гурилаа мөн л олон янзаар савласан бол булганыхан 250 гаруй төрлийн өвчнийг анагаах увдистай гэдэг их шүүдэргэнэ цэцгийн цай тэргүүтнээ энд авчирчээ.
Монголчуудын гар, оюунаар бүтсэн, шинэ технологи, шилдэг санаа, инновацын хөгжил дэвшлийг шингээсэн бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах, цаашлаад экспортод гаргах гүүр болох зорилготой “MGL outlet center”-ийг үндэсний хөрөнгө оруулагчид байгуулсан аж.
“Чингис холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Пүрэв-Очир “Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гарал үүслийг нарийн тодорхой болгох, амт, чанар, өнгө үзэмжийг нь дээшлүүлэхэд бид хамгийн түрүүнд анхаарч байна.
“Танайх энэ бүтээгдэхүүнээ ийм ийм шаардлагад нийцүүлж чадвал бид гадаад, дотоодын зах зээлд борлуулж өгье” гэсэн шаардлагаа тавьж, захиалга өгч байгаа хэрэг. Шаардлагатай гэж үзвэл сав, баглаа боодлыг нь сайжруулахад бид өөрсдөө дэмжлэг үзүүлдэг.
Ингэснээр үйлдвэр эрхлэгчид түрээсийн дарамтаас гарах боломжтой. Нөгөөтэйгүүр Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний төрөлжсөн худалдааны төв ажилласнаар гадаадын жуулчдыг татаж, тэр хэрээрээ манай үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэнэ.
Бас нэг давуу тал нь зөвхөн энэ төвөөр дамжуулан зах зээлд нийлүүлдэг брэнд бүтээгдэхүүнүүд байх юм. Жишээ нь, “Хур билиг” ХХК-ийн “Шимт бал” хэмээх зөгийн балыг өөр хаанаас ч авах боломжгүй” гэлээ.
Говь-Алтайн цулхирын гурилыг ч мөн тэд нэгдсэн журмаар газар дээрээс нь худалдаж аваад, тус төвд борлуулахаар тохирсонд хөдөөгийнхөн “Явдал чирэгдэлгүй амар боллоо” хэмээн ихэд баяртай байгаа аж.
Энэ мэтээр долоо хоног болгон ямар шинэ брэнд бүтээгдэхүүн “MGL outlet center”-т ирснийг хэрэглэгчдэд танилцуулж байх гэнэ.
Орос, Хятад, Япон, Солонгос, Америк, Австрали, Кыркыз, Казахтсан болон Европын холбооны орнуудтай цөөнгүй салбарт хамтын ажиллагаатай байдаг “Чингис холдинг” ХХК-ийнхан энэхүү танилын хүрээгээ ашиглан “Made in Mongolia” гэсэн шошготой брэнд бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нийлүүлэхээр болжээ.
Тухайлбал, Европоос хамгийн түрүүнд Унгар улсад 90 га талбайг хамарсан, соёл амралтын хүрээлэн, зочид буудал, морьтны шоу тоглолтын газар бүхий “Хаадын зам” цогцолбор байгуулахаар ажлаа эхлүүлсэн байна.
Түүнчлэн Хятадын Саньяа хотод саяхан салбараа нээсэн бөгөөд тэндхийн монгол морьтны шоу үзүүлбэрт түшиглэн, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ Австралид удахгүй “Хаадын зам” аялал жуулчлалын төв байгуулахаар төлөвлөжээ.
Мөн дээрх орнуудад интернэт худалдааны сүлжээг ч нэвтрүүлэх бөгөөд эхний ээлжинд бэлэг дурсгал, аялал жуулчлалын болон ноос ноолууран бүтээгдэхүүн нийлүүлэх гэнэ.
Л.ГАНЧИМЭГ