Сүүлийн үеийн залуус их сургууль төгссөн нэртэй, дипломын “гол” болж байхаар МСҮТ, коллеж дүүргэн, хурдхан ажилд орохыг илүүд үзэх болсон. Тиймдээ ч Засгийн газар, Хөдөлмөрийн яам хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндсэн дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүний нэг болох “Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг Үйлдвэрлэл, урлал политехникийн коллежид хэрэгжүүлж, өчигдөр дүнг нь олон нийтэд танилцуулав. Мэргэжилтэй, 25 хүртэлх насны залуус, МСҮТ-ийн төгсөгчдийг байнгын ажилтай байгаж, бизнесээ эхлүүлэхэд нь дэмжих, оюутнуудыг хичээлээсээ хөндийрөхгүйгээр хөдөлмөр эрхэлж дадахад нь туслах зорилготой уг хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн яам, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ынхан тус коллежийн оюутнуудад гурван төрлийн ажлын байр бэлдэж өгчээ.
Компьютер, оёдол засвар, үсчин, гоо сайхны үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай, 28.7 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг оюутнуудад өчигдөр хүлээлгэн өгсөн юм. “Энд төгсөх ангийн оюутнууд бүтэн жилийн хугацаанд дадлагажиж, цаашид хувийн бизнесээ эхлүүлэх ур чадвартай болох юм. Оюутнууд ажлын байрны түрээс төлөхгүй. Өөрсдөө орлого олж, цуглуулах учиртай. Бүлэг бүрт 5-7, нийт 17 хүүхэд ажиллахад бэлэн болоод байна. Оюутнуудын санал болон тэдний ур чадварыг харгалзан сонгож авсан. Ажлын байрыг сургуулиас, тоног төхөөрөмжийг нь улсаас гаргаж өглөө. Харин бид одоо зах зээлд мэдлэг, чадвартай боловсон хүчин нийлүүлэх л үлдлээ” гэж Үйлдвэрлэл, урлал политехникийн коллежийн захирал Б.Даваажав хэлэв.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд компьютерийн бүх төрлийн үйлчилгээ явуулахад шаардлагатай үдээсний машин, нуруулдагч, цаас зүсэгчээс эхлээд хэвлэгч, хувилагч машин, камер, люминатор суурилуулж өгсөн бол үсчин, гоо сайхны ангид тэргэнцэр, сандал, уурын аппарат, гар, суурин сэнс, үсний индүү, кварцын гэрэл, угаалтуур, халуун хайч, толь, самны иж бүрдэл нийлүүлсэн юм. Харин оёдол засварын ажлын байранд шулуунаар, дөрвөн утсаар зэрэг хэрэх, олон оёдолтой, гоёлын, эсгүүрийн гээд бүх төрлийн үйлдэлтэй оёлдлын машин, индүү зэргээр бүрэн хангажээ.
Тус коллежид өдгөө 1629 оюутан суралцаж буй бөгөөд ирэх нэгдүгээр сард 22 чиглэлээр, 388 мэргэжилтэй ажилтан бэлгэгдэж гарах нь. Тэгвэл энэ оны нэг, зургадугаар сард төгссөн 693 оюутнаас 563 нь ажилтай болсон байна.