ТАНЬДГААРАА ТРАМПЫГ СОНГОХООС
Бэн Карсон их зүгээр хүн шиг санагддаг. Бүгд найрамдах намыг төлөөлж, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтэй хүмүүсийн орчин үеийн сэтгэлгээтэй төлөөлөл гэх үү дээ. Бэн тархины мэс засалчаар олон жил ажилласан. Тэрбээр үр хөндүүлэх, эсэх сонголт эмэгтэй хүнд байх ёстой гэдэгт итгэдэг, ижил хүйстнүүдийг үзэн яддаггүй юм билээ.
Харамсалтай нь, ойрын хэдэн долоо хоногийн олон нийтийн санал асуулга түүний рейтинг огцом унаж байгааг харуулав. Гэтэл Дональд Трампынх өсөөд л байх юм. Трамп мексикчүүдийг эх орноосоо хөөж, Америк, Мексикийг тусгаарласан хана барина гэж их олон хүний дургүйг хүргэснийг санаж байгаа биз.
Харин одоо лалын шашинтнуудыг өөрийнхөө шинэ “дайсан” болгов. Ижил хүйстнүүдийн эрх, нийгмийн халамжийг дэмждэг дэвшилт үзэлтэй америкчууд олон нийтийн санал асуулгын явцыг хараад, эрүүл бус санагддаг Трамп намаа төлөөлөх эрхийг авчих вий гэж нууцхан айж сууна.
Ер нь олон нийтийн санал асуулгаар их зүйл шийдэгдэх юм. Тухайлбал, уг санал асуулгаар эхний аравт жагссан хүмүүс л Бүгд найрамдах намын анхны мэтгэлцээнд оролцсон. Рейтинг муутай нэр дэвшигчид мэтгэлцээний тайзан дээр гишгэх ч эрхгүй болов.
Олон нийтийн санал асуулгад доогуур жагсаж яваа хүмүүст эфирийн цаг, спонсор ч олдохгүйгээс нэрээ татдаг гэнэ. Одоогийн байдлаар хамгийн муу рейтингтэй яваа нь Крис Кристи байна. Бусад улс оронд сонгуулийн үйл явц ингэж өрнөдөг.
Харин манайх ямар вэ. Би Монгол Улсын иргэн хэрнээ харь улсын сонгуулийн тухай хавьгүй илүү мэдээлэлтэй. Манайд өдрөө ч товлоогүй, УИХ-ын сонгуульд аль нам ялах төлөвтэй байтугай хэн, хэн нэр дэвших гэж байгааг ч хэлж мэдэх аргагүй. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай ойролцоо болох байх л гэдэг баримжаа байна.
ЭНЭ НЬ АРАЙ ДЭЭР ЮМ УУ ДАА
Бидний даган дуурайж, тахин шүтэх дуртай АНУ-д хэн намаа төлөөлж сонгуульд өрсөлдөх вэ гэдгийг ард түмэн нь шийддэг учраас нэр дэвшигчид нь өөрсдийгөө таниулах ажилд аль хэдийнэ орсон хэрэг.
Харин манайд нэр дэвших хүмүүсийг анхан шатны байгууллагаасаа эхлээд шат дамжлагаар тодруулдаг гэдэг ч намын дарга л эцсийн шийдвэрийг гаргадаг гэхэд хилсдэхгүй.
Хаалттай хаалганы цаана сонголт хийчихэж байгаа юм чинь бидэнд нэр дэвшиж буйгаа зарлах хэрэг юу байна. Бид чухал биш. Эхний ээлжинд даргаа л “найрах” хэрэгтэй. Тэгээд л нэрсээ хав дарж байгаад сонгууль болохоос хэдхэн долоо хоногийн өмнө зарладаг.
Намынхантайгаа тохиролцож чадахгүй бол бидэнд таалагдах гэж хий дэмий “доошоо орох” хэрэггүй. Энэ талаар УИХ-ын гишүүний сандлыг олон жил “халаасан” хүнээс асуувал “Аль болохоор сонгогчдод таалагдах хүмүүсийг нэр дэвшүүлэх нь намд ашигтай шүү дээ” гэх юм. Би итгэхгүй байна.
Хайрыг нь хүлээж чадсан хүн, эх орныхоо төлөө юм хийх хүн хоёрын алийг нь намын дарга сонгох вэ. Манай улс төр хэр ёс зүйтэй билээ. Илүү мөнгөтэй, нам дотроо эрх мэдэлтэй нь л намаа төлөөлнө шүү дээ.
За яах вэ, би намуудыг буруу хардаж байна гэж үзье. Тэгвэл хэн нь илүү таалагдахыг тогтоохын тулд тухайн намууд олон нийтийн санал асуулга явуулж, хүмүүсийн санал бодлыг тандах хэрэгтэй биз дээ.
Гэвч энэ санал асуулгын дүнг та, бид хэзээ ч харж чадахгүй. 2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.15-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж жагсаасан дотор “...хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах...” гэсэн заалт байж байх юм.
Өөрөөр хэлбэл, манайд сонгуулийн жил буюу сонгууль болохоос зургаан сарын өмнөөс бусад улс оронд ардчилсан сонгуулийн тулгуур болдог олон нийтийн санал асуулгын дүнг нийтэлж болохгүй гэсэн үг.
Олон нийтийн санал асуулгын дүнг харах эрхтэй, эрхгүй гэж ард түмнээ хоёр хуваах нь улстөрчдийн хувьд их чухал. Ямар сайндаа л дээр дурдсан хуулийн 35.18.1-д “...санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх тараахыг” давхардуулан хориглосон байх вий дээ.
Тэдний сонголтын үндэслэлийг шалгах олон нийтийн санал асуулгыг хорьж, нам нь сонгуульд оролцох хүмүүсийг бидний өмнөөс сонгодог хэрнээ ардчиллын ойг тэмдэглэх хэрэг юун? Дональд Трамп Монголд байсан бол өөрийгөө, үзэл бодлоо сонгогчдод таниулах гэж жилийн өмнөөс зоволгүйгээр намын даргаа бэл бэнчингээрээ “найрч” байгаад л намаа төлөөлчих байсан.
Ингээд л Монголд сонгууль ямар ч өөрчлөлт авчирдаггүй, иргэний үүргээ биелүүлэх гэж л сонгогчид гоёлын дээлээ өмсөөд хэн нэгний нэрийг дугуйлдаг зан үйл бий болжээ. 25 жилийн явцад 95.6 хувьтай байсан сонгуулийн ирц 67.28 болж буурсан.
Жинхэнэ сонголт өгөхгүй, оно гэж тулгасан байг л онох үүрэгтэй “сонгууль”-д оролцох хүсэл бидэнд алга. Харин нэр дэвшигчдийн авч болох хамгийн дээд үнэлгээ “Энэ нь л арай дээр юм уу” гэдэг тодотголтой болоод байна.
ВАЛЕНТИНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ
Сонгуулийн хуулийн төсөлд тусгаснаар бол намаас бидэнд тулгасан хүмүүсийн дундаас хэн нэгнийг сонгоход 14 хоногийн л хугацаа олгож. 21 хоног байсан сурталчилгааны хугацааг хоёр долоо хоног болгох гэж буй нь шударга өрсөлдөөнийг дэмжих зорилготой гэх боловч эсрэгээрээ харагдана.
Сонгогч та 14-хөн хоногийн дотор тойрогтоо нэр дэвшиж байгаа хүн болгонтой танилцаж чадах уу? Хэрэглэж дадсан бараагаа худалдаж авахтай агаар нэг нөгөө л улиг болсон хэд маань сонгогдоно.
Мөн сонгогчид өөрийг нь төлөөлж улсыг нь удирдах хүсэлтэй хүний ямар ажил эрхэлж байсан, гэмт хэрэгт орооцолдож байсан эсэх, хувийн амьдрал, хүн чанар зэргийг мэдэх эрхтэй гэдгийг энд дурдах нь зөв байх. АНУ-ын Тагнуулын газрын дарга Давид Пэтраус эхнэрийнхээ араар тавьснаас болж ажлаа хүлээлгэж өгсөн.
Гэргийдээ ч үнэнч байж чадахгүй хүн эх орондоо үнэнч байж чадахгүй гэж үзсэн учраас тэр. Гэтэл манай УИХ-д рекэтлэгч хочтой, хөрөнгөө яаж босгосон нь үл мэдэгдэх “хар амьдралтай” хүн цөөнгүй. Энэ нь бидэнд тэднийг таньж мэдэхэд 14-хөн хоног өгөх гэж буйн бас нэг шалтгаан.
Нөгөөтэйгүүр сонгуульд мөнгө ялах магадлал өндөр. Сонгуулийн тухай хуулийн төсөлд сурталчилгаа эхлэх болон дуусгах хугацааг зааж өгсөн боловч уг хууль хэдийнээс хэрэгжихийг тодорхой заасангүйд учир нь бий.
Яг одоо Монголд жинхэнэ Валентиний өдрүүд болж байна. Энэ уралдаанд халаасны хэмжээ л өөр өөр. Уг хуулийн цоорхойг ашиглан, мөнгөтэй хүмүүс нь сонгуулийн өдөр болтол сонгогчдын сэтгэлд таалагдах бэлгийг зургаан сарын өмнөөс өгч байна.
Хотын төвөөр нэг байрлуулсан “Дахин төлөвлөлт, гудамж төсөл, аймгуудыг засмал замаар холбосон нь хэний гавьяа вэ” гэж асуух томоос том самбарыг сонгуулийн сурталчилгаа биш гэх үү.
Мөрдөхгүйгээс хойш хуулиа дахин дахин өөрчилж, хэрэлдэж, цаг хугацаа үрэх хэрэг байна уу. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр горилогч эмэгтэй “Уулзалтад ирсэн хүн болгонд нэгж өгнө” гэж урилга дээрээ бичсэн нь хахууль биш үү? Нийгмийн сүлжээгээр “Чингэлтэйд нүүрс, Баянхонгорт бидон тараагаад байгаа нь биднийг хорхог хий гэж байгаа юм болов уу” гэж хошигнох хүмүүс ч байна.
Үгүй ээ, биднийг саналаа надад өг гэж энэ бүхнийг тарааж байгаа юм. “Миний мэдэх Женко” ном, “Монгол төрийн түшээ” сэтгүүл сонгуулийн жил эхлэхээс хэдхэн долоо хоногийн өмнө хэвлэлтээс гарч байгаа нь, оны өмнө хэвлэгдсэн гэдэг тамгатай номыг сонгуулийн жил тойрогтоо тараахад дөхөм болгож байгаа гэлтэй.
Шүүрэн шанага шиг олон цоорхойтой Сонгуулийн тухай хууль хүн хүнд өөрөөр үйлчлэхэд хэрэгтэй шүү дээ. Ингээд л бид ардчилалд итгэх итгэлээ алдан гохгүй буу болон хувирлаа.
СУРТАЛЧЛАХ БИШ, ТАНИУЛАХ НЬ ЧУХАЛ
Шинэ хүн өөрийгөө таниулах, сонгуульд оролцох боломжийг нь хэдэн арван цоожоор хаачихаад, өөрчлөлтийг илэрхийлэх хэрэг байна уу? Нам гэдэг институц дэндүү том орон зайг эзэлж байна. Монголын залуу улстөрчдөд хоёр намын дүрмээр тоглох, эсвэл урсгалын эсрэг сөрөх л сонголт бий.
Сонгуулийн жил эхлэхээс хэдхэн хоногийн өмнө уг өөрчлөлт ажил хэрэг болохгүй нь ойлгомжтой. Тиймээс ядаж нэр дэвшихээ, мөрийн хөтөлбөрөө жил хагас биш юм гэхэд зургаан сарын өмнө ч болтугай зарладаг болохсон.
Сонгогчдын хийсэн сонголт л гэдэг, үнэн хэрэгтээ бидэнд сонголт хийх боломж байхгүй байна шүү дээ. Улс орны амьдрал хэцүүдсэн үед аль мөрийн хөтөлбөр, улс эх орноо залах төлөвлөгөө нь илүү оновчтойг мэдчихвэл нэгжинд хууртагдаж, аль эсвэл дассан зүсэндээ саналаа өгөхгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сонгогчдод та бүхнийг, хийхээр төлөвлөсөн ажлыг чинь мэдэхэд 14 хоног хангалтгүй. Хоёр долоо хоногийн дотор хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ашиглан биднийг “бөмбөгдөх” та бүхний мишээсэн зураг, худал амлалтад дарагдаад, юугаараа өрсөлдөөд байгааг чинь ч мэдэхгүй өнгөрнө.
Манай хуульд сурталчилгаа гэдэг ойлголт байхаас таниулна, танигдана гэдэг үг ч алга. Хоёр нам дэлхийн жишгийг дагахгүй ч, өөрчлөлтийг эрэлхийлсэн жижиг намууд үлгэр жишээ болоосой. Оймс гутал биш, хүмүүсээ сурталчлан таниулах нь л чухал баймаар.
Сонгуулийн хууль бидний сонголтыг дээрэмдэж, сонголтгүй бай бидэнд тулгаж байна. Харин бид чимээгүй эсэргүүцлээ сонгуулиас зугтан илэрхийлснээр гохгүй буу болон хувирлаа. Гохгүй буугаар сонголтгүй байг онох зан үйл ТУН УДАХГҮЙ...
Балдоржийн НОМИНТҮШИГ