МХЕГ-ын Эмийн хяналтын лабораторийн тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, мэдээллийн технологи, боловсон хүчний чадварыг олон улсын түвшинд хүргэх ажлыг гурван жилийн өмнөөс Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд эхлүүлжээ. Тэгвэл олон улсын 800 гаруй байгууллагыг итгэмжилсэн, АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллага (ANAB) манай Эмийн хяналтын лабораторид ISO/IEC17025:2005 стандартын гэрчилгээ олгов. Ингэснээр тус лабораторид орчин үеийн аргуудыг ашиглан шинжилгээ хийх, эмийн шинэ бодис гарган авах, түүхий эдийн хольц, шингэн эмийн зуурамтгай чанар, антибиотикийн идэвх, эмийн бодис дахь талст ус, чийглэгийг дэлхийн түвшинд судлах боломж бүрдэв. Мөн эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материалыг ариутгахад хэрэглэдэг, хүний бие махбодид хортой, хавдар үүсгэх эрсдэлтэй зарим органик уусгагч, ариутгалын бодисын үлдэгдэл, хуурамч, дуураймал эмийн бүтэц найрлагыг нил улаан туяаны спектрийн шинж чанараар тодорхойлох аж.