Өнөө жил улсын хэмжээнд объектын гал түймэр гарах нь нэмэгдэж, бага насны хүүхдүүд өртсөөр байна. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын амралт эхэлчихсэн, удахгүй шинэ он гарах гэж буйтай холбоотойгоор нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад П.Элбэгсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Чингэлтэй дүүрэгт энэ онд хэчнээн гал түймэр бүртгэгдэв?
-Нийт 325 удаа гал түймэр гарсан байна. Энэ нь 2014 оныхтой харьцуулахад есөөр цөөрсөн. Гэхдээ улсын хэмжээнд объектын гал түймрийн дуудлага нэмэгдсээр байна. Үүнийг хотын суурьшлын бүстэй холбон тайлбарлаж байгаа. Гэр хороололд гал ихэвчлэн гардаг. Дийлэнх нь ард иргэдийн буруугаас болж байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор галын аюулгүй байдлаа хангадаггүй, пийшин зуухаа буруу галладаг гээд жил бүр л иймэрхүү шалтгаанаар иргэд гал түймэр дэгдээсээр байгаа нь харамсалтай. Мөн цахилгааны аюулгүй байдлаа хангахгүй байна. Гэхдээ ОБЕГ-ын хэмжээнд энэ онд галаас эд хөрөнгө, хүний амь аварсан зэрэг нь өнгөрсөн оныхоос дээшилсэн үзүүлэлтэй гарсан.
-Онцгойгийн аврагчид цаг алддаг, үнс нурам болчихсон хойно нь ирдэг гэж иргэд шүүмжилдэг шүү дээ. Танайхны гал унтраах хэрэгсэл, техникийн нөөц бололцоо ямар түвшинд хангагдсан бэ?
-Гал түймэр гарсан үед онцгойгийнхон нэг км газрыг нэг минутад туулах заалттай ч түгжрэлтэй үед ингэж явах боломж үнэндээ байдаггүй. Зам чөлөөтэй үед бол боломжтой. ОБЕГ харьяа хэлтсүүдийнхээ багаж хэрэгсэл, техникийн бүрэн бүтэн байдалд ихээхэн анхаарч байгаа.
-Энэ жил бага насны олон хүүхэд галд өртөж, амиа алдлаа. Та бүхэн ард иргэддээ галаас урьдчилан сэргийлэх талаар ямар сурталчилгаа явуулж байна вэ?
-Тухайн сард хамгийн олон гал гарсан хороонд бид нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаг. 30-40 алба хаагч айл өрхүүдээр явж, цахилгааны утас, пийшин зуухных нь галын аюулгүй байдлыг шалгаж, зөрчил илэрвэл дор нь арга хэмжээ авдаг. Зарим айл нь хүнгүй байхад гэртээ оруулдаггүй хүмүүс ч бас байдаг. Иймд иргэд өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, гал түймэр гарахаас ямагт болгоомжилж байх хэрэгтэй.
-Сурагчдын амралт эхэлчихлээ, бас Шинэ жилийн баяр ч ойртлоо.
-Бага ангийн сурагчид сар гаруй амарна. Эцэг эхчүүд ажилтай болохоор хүүхдээ асарч хамгаалах хүнгүйгээр ганцааранг нь цоожлоод орхиж байна. Энэ нь маш аюултай. Өнгөрсөн долоо хоногт зургаан хүүхэд галд эндчихлээ шүү дээ. Эцэг эхчүүдийн хайнга, хэнэггүй зантай шууд холбоотой. Тиймээс гал гарч болзошгүй бүхий л хэрэгслийг хүүхдээс хол байлгаж, хараа хяналтгүй бүү орхиоч ээ. Мөн шатамхай материалаар гэр, байшингаа бүү дулаал. Ийм материал галын хурдыг нэмдэг учраас эд хөрөнгө, хүний амь эрсдэх бас нэг шалтгаан болж байна. Олон жил болсон модон байшинд тэсвэрлэн шатдаг шингэн цацвал зүгээр. Энэ нь шатах явцыг сааруулдаг давуу талтай. Түүнчлэн иргэд баярын өдрүүдэд зөвшөөрөлгүй газруудаас пиротехникийн хэрэгсэл худалдаж авахгүй байх, монгол санамжтайг нь сонгож, аюулгүй ажиллагааны зааврыг дагаж мөрдөөрэй.