“Нийслэлийн Хан-Уул дүүргийн замын цагдаагийн ажилтнууд 07- 00 УНЕ улсын дугаартай “Ланд круйзер-200” маркийн машиныг жолоодож явсан согтуу жолоочид хуулийн дагуу арга хэмжээ авалгүй явуулсан” гэх ташаа мэдээлэл Eagle.mn сайтад гарсан.
Замын цагдаа согтуу жолоочийг саатуулах үед манай сонины сурвалжлах баг ч мөн тэр газарт байж, болсон явдлыг уншигчдадаа мэдээлсэн. Зөрчил гаргасан иргэн Ч-ийн автомашиныг энэ сарын 19- ний 00.50 цагийн үед ачиж явахыг ч харж, сурвалжилсан юм.
Гэтэл Eаgle.mn сайтынхан манай сониныг болсон явдлыг гуйвуулж цагдаагийн захиалгат мэдээ гаргасан мэтээр гүтгэн, “Өнөөдөр” сонины нэр хүндэд халдлаа.
Иймд бид уг гүтгэлэгт хариу өгөхөөр Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Төрбаттай уулзлаа.
-Энэ сарын 18-19-нд шилжих шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ч-д ямар арга хэмжээ авсан бэ?
-Тусгай дуут дохио ажиллуулсан автомашины жолооч хурд хэтрүүлэн явж байхад нь Хан-Уул дүүргийн замын цагдаа зогсоон шалгасан. Шалгалтаар жолооч Ч нь согтууруулах ундаа хэрэглэсэн, согтолтын зэрэг нь 1.18 хувь байсныг зориулалтын багажаар тогтоосон.
Ингээд хуулийн дагуу арга хэмжээ авсан. Тодруулбал, машиныг журмын хашаанд хийж, жолоочид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоо барих эрхийг нь 11 сарын хугацаатай хассан.
-Eagle.mn сайт “Уг жолоочид арга хэмжээ тооцолгүй, автомашиныг нь өгөөд явуулсан” гэж мэдээлсэн.
-Тус сайтын сэтгүүлч тухайн газарт ачигчийг ирээд машиныг ачаад явах хүртэл хүлээх хэрэгтэй байсан болов уу. Ачилтын үйлчилгээ нь манай цагдаагийн байгууллагатай холбоогүй, хувийн байгууллага гүйцэтгэдэг.
Бид тухайн компани руу дуудлага өгсний дагуу ачигч машин нь тодорхой хугацааны дараа ирдэг.
Гэтэл тэр хооронд Eagle.mn сайтын сэтгүүлч өөр мэдээнд явсан болохоор бодит байдлыг мэдээгүй хэрнээ ачаагүй гэсэн ташаа мэдээлэл цацсан.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний эрхийг тэр дор нь хасдаг гэж иргэд ойлгодог юм шиг байна. Энэ боломжгүй зүйл.
Зөрчлийг хэрэг бүртгэлтийн шатанд шилжүүлж, цагдаагийн хоногийн болон мэдээллийн санд жолоочийн зөрчлийн талаарх мэдээг оруулсны үндсэн дээр жолоо барих эрхийг нь хасдаг.
Ийм л хууль, журамтай. Зөрчил энэ сарын 18-19-нд шилжих шөнө болсон. 00.00 цаг өнгөрсөн байсан тул арванхоёрдугаар сарын 19 болсон байв. Бид тэр өдөр нь хуулийн дагуу арга хэмжээ авсан.
Гэтэл хэрэг гарсны маргааш буюу 20-нд арга хэмжээ авсан мэтээр бичсэн байна лээ. Мөн жолоочийг эрүүлжүүлэх байранд саатуулаагүй гэсэн. Манай алба хаагч тухайн иргэний ар гэрийнхэнтэй холбоо барьж, аюулгүй байдлыг нь хангасан тул заавал эрүүлжүүлэх шаардлагагүй.
Өмнө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсвэл жолоо барих эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд тухайн иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэдэг.
Мөн ар гэрийнхэнтэй нь холбоо барих боломжгүй байвал жолоочийн аюулгүй байдлыг хангах үүднээс саатуулдаг юм.
-Замын цагдааг жолоочийн гар утсаар хэн нэгэнтэй ярьсан болохоор зүгээр явуулчихлаа гэсэн. Цагдаа хэнтэй утсаар ярьсан юм бэ?
-Тухайн нөхцөлд жолооч согтуу, биеэ авч явах чадваргүй байсан. Иймээс манай алба хаагч түүнийг харгалзан авч явах ар гэрийнх нь хүнийг дуудахын тулд утсаар нь ярьсан. Энэ бол авах ёстой арга хэмжээ. Үүнийг сайтын сэтгүүлч буруу ойлгосон бололтой.
-Яагаад иргэн хувийн машиндаа тусгай дуут дохио ашиглаж байсан юм бэ?
-Жолооч Ч цагдаад мэдүүлэг өгөхдөө тусгай дуут дохиог дур мэдэн тавьсан, зөвшөөрлийг нь хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээсэн. Иймээс энэ асуудалд албаны шалгалт хийж байгаа.
-Танай байгууллага хууль журмынхаа дагуу ажил үүргээ гүйцэтгэчихээд гүтгүүллээ. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Цагдаагийн байгууллагад Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын газар гэж бий. Дээрх сайтын мэдээллээс болоод тэнд тухайн алба хаагчийг шалгасан. Шалгалтаар манай алба хаагчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй.
Тэгэхээр олон нийтэд ташаа мэдээлэл түгээсэн сэтгүүлч буруугаа ойлгож манай байгууллагаас уучлалт гуйн, алдаагаа залруулна гэж найдаж байна.
Х.АЗЖАРГАЛ