Өнгөрсөн сарын эхээр “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл харамсалтайгаар амиа алдсан. БОНХАЖЯ, “Ирвэс хамгаалах сан” болон байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл өчигдөр түүнийг дурсаж, ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүллээ.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Бид маш ирээдүйтэй биологич, судлаач залуугаа алдаад 49 хоног болжээ. Нэг талаас монгол ёс заншил, нөгөөтэйгүүр сайн анд нөхөр, ажилтнаа хүндэтгээд энд цугларлаа.
Залуугаараа биднийг орхисон ч байгаль, ан амьтны төлөө хийж бүтээсэн зүйл нь агуу юм. Бид энэ залуугийн үйл хэргийг үргэлжлүүлж, хэрэгжүүлэхээр зорьж байсан ажлыг нь гүйцэтгэх учиртай” гэсэн юм.
Хамт олон нь түүний ажлын тухай, байгаль орчин, ан амьтдын төлөө хийсэн сайн үйлсийг нь танилцуулж, шударга, хичээнгүй, хүнлэг занг нь дурсав. Ар гэрийг нь төлөөлж, түүний авга ах Ж.Ганбаатар ирж, сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Миний дүүгийн дурсгалыг хүндэтгэж, хүрэлцэн ирсэнд талархаж байна. Би дүүгээ МУИС-ийн биологийн ангид оруулж байсан.
Уг нь өөр мэргэжил эзэмших байсан ч өөрөө “Биологийн ангид ормоор байна. Арван жилийн сургуульд байхдаа авсан шагнал, өргөмжлөлөө аваад ирсэн. Хоёулаа захирал дээр ороод үнэнээ хэлээд гуйя” гэсэн.
Энэ мэргэжлийг эзэмшээд, ажиллаж байхад нь зэрлэг амьтан дайрч гэмтээх вий гэж айж байснаас биш, амь насанд нь халдана гэж төсөөлөөгүй. Биологийн ангид оруулсандаа харамсаж байна” гэв.
Түүнийг хөнөөсөн хэргийн тухай тодруулах гэсэн ч хамт олон, авга ах нь “Цагдаагийн байгууллагынхан шалгаж байгаа тул ярих боломжгүй” гэлээ.
Үүний дараа салбарын яам болон холбогдох бусад байгууллага нэгдэн, ажлын хэсэг байгуулж, түүний дурсгалыг хэрхэн мөнхлөхийг хэлэлцэв.
Дээрх байгууллагууд “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич агсан Т.Лхагвасүмбэрэлийн дурсгалд зориулж хөшөө, самбар босгоод мартах бус түүний сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нутагт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй уул уурхайн компаниудын лицензийг хүчингүй болгох ёстойг онцоллоо.
Э.НАМУУН