УИХ-ын Байнгын хороодын удирдлагыг жил тутам шинэчилдэг. Энэ дагуу өчигдрийн нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны даргыг шинээр сонголоо.
Ингэснээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог Су.Батболдын оронд Л.Эрдэнэчимэг, Эдийн засгийн байнгын хороог Ж.Батсуурийн оронд Ц.Баярсайхан тус тус удирдахаар боллоо.
Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Батцогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей нарыг улируулан томилсон юм.
Түүнчлэн энэ өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг анхны хэлэлцүүлгээр баталлаа.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд нуугдмал хөрөнгө, орлогоо ил болгон тайлагнах хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 болгож сунгав.
Б.УРАН