Энэ оны аравдугаар сард Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан тэргүүтэй тус бүлгийн төлөөлөгчид Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн төсвийн 410 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Тэгвэл уг мэдээллийг худал мэдээлэл болохыг Нийслэлийн Засаг дарга мэдэгдээд, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ч Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор Хотын захирагч Э.Бат-Үүл мэдэгдэл гаргажээ. Тэрээр "Дүүргийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь хуульд заасны дагуу эцсийн шийдвэр биш бөгөөд МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн цацсан гүжир гүтгэлгийг үнэн гэж үзсэн хэрэг бүр биш юм. Гэтэл хууль хяналтын байгууллагаас эцсийн шийдвэр гараагүй байхад нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс дүүргийн прокурорын байгууллагын шийдвэрийг мушгин гуйвуулж “Нийслэлийн Засаг даргыг МАН гүтгээгүй, үргүй зардал гаргасан нь үнэн гэдгийг Прокурорын байгууллага нотоллоо” гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар түгээж байна. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын төлөөлөгчид битгий хэл, жирийн нэг иргэн “Хэрэг үүсгэхээс татгалзсан” гэх шийдвэрийг ойлгоно. Харамсалтай нь нийслэлийн МАН-ынхан нөгөө л зангаараа хуулийн нэр томъёог гуйвуулж, богино хугацааны улс төрийн увайгүй тоглолт хийж, олон нийтийг төөрөгдүүлэх оролдлогоо хийсээр байна.
Нийслэлийн шинэчлэлийн багийн баримталж буй бодлого, гаргасан шийдвэр, өрнүүлсэн бүтээн байгуулалтыг Монгол Ардын Намын гүтгэлэг, хоосон улс төржилт баллуурдаж үл чадна гэдгийг бардам хэлнэ. Манай иргэд ч нотолно. Тиймээс миний бие энэ асуудлын үнэн мөнийг тогтоолгохоор хуулийн дагуу дараагийн шатны хууль хяналтын байгууллагад хандана гэдгээ үүгээр мэдэгдэж байна" хэмээсэн байна.