Баярын үеэр элбэгшдэг зүйлийн нэг нь халуун сэтгэл. Ялангуяа сүүлийн үед нэлээд дэлгэрч буй сайн үйлсийн аян. Буруу зүйл биш л дээ.
Хамгийн гол нь халуун сэтгэлтнүүдийн олонх нэр төр олох, өөр бусдад сайхан харагдах гэсэн ов мэхтэй болчихоод буй. Хэцүүхэн амьдарч яваа нэгэндээ сэтгэлээсээ, бага боловч тус хүргэх хүсэлтэй хүмүүс бий л дээ.
Гоё харагдахыг хүсдэг халуун сэтгэлтнүүдийн үг яриа, үйл хөдлөл бурханлиг бөгөөд заримдаа бурхнаас ч давж мэдэх “шидтэй”.
Гэхдээ амьдралын үнэний өмнө амархан үнэгүйдэж мэдэх шинжтэй. Сонгуулийн мөрийн хөтөлбөр болон бодит байдал тэнгэр, газар шиг зөрүүтэй байдагтай зүйрлэж болох юм.
Бурханаас давсан “шид” үзүүлэгчид төрийн өндөрлөгүүдээс эхлээд жагсана. Нэр төрөө өсгөж, дажгүй харагдах гэсэн хурган дарга нар ч бий.
Үнэндээ олонд нэр хүндээ өсгөхийн төлөө өгсөн бага сага хаялгаар эгэл олны амьдрал дээшлэхийг үзэх хол байна. Халуун сэтгэлтнүүд олон нийтээр магтуулна. Харин тусламж авсан иргэдийг сайндаа л өрөвдөөд өнгөрнө.
Баяр тохиолдуулан хэдэн хүүхэд цуглуулж бэлэг тараахаас эхлээд хаана эмзэг, ядуу айл байгааг олж тогтоосны дараа очиж, хоногийн хоол, шуудай нүүрс, ганц хоёр хувцас бэлэглэнэ. Зарим хүн гэрийг нь цэвэрлэхээс ч сийхгүй.
Эгэл дордсын төлөө бүхнээ зориулахад бэлэн, хар бор амьдралд элэгтэй, олонд тус дэмээ харамгүй үзүүлдэг гэж харагдахын тулд ингэнэ. Өгье гээд зүтгээд байхад нь авахгүй гэлтэй биш.
Сүүлийн 10 жилд бурхнаас давсан “хүчтэй” халуун сэтгэлтэн олноор төрсөн гэнэ лээ. Олон нийтийн сүлжээ идэвхжсэнтэй холбоотойгоор ийм хүмүүс байнга таарах болов. Тэд сайхан сэтгэлийнхээ гэрч болгож, эгэл олонтой хамт зургаа татуулж, дурсгал болгохоо ер мартдаггүй учраас тэр.
Гоо бүсгүйн уралдаанд оролцчихмоор гоодсон эмэгтэй өдрийн хоолоо хэрхэн залгуулдаг бол гэмээр ядруу эмэгтэйтэй зургаа татуулжээ. Духан дээр нь хамаг амьдралынх нь зовлон үрчлээ болоод “суучихсан” эмэгтэйг хэдэн халтар хүүхэд нь тойроод зогсчихсон зураг олон нийтийн сүлжээгээр тарав.
“Энэ эмэгтэй яах вэ. Хүүхдийн зургийг хамаагүй цацаж болохгүй. Сайн үйлс байлаа ч гэсэн” гэсэн сэтгэгдэл зургийн дор бичиж орхивол нэг минут ч бололгүй устгачихна. Харин “Мундаг эмэгтэй шүү. Сайхан сэтгэл нь дэнджээ” гэсэн нялуун үгсийн дор таалагдлаа гэсэн товч дарагдах нь ойлгомжтой.
Угтаа эмзэг ядууст бэлэг өгч, хамт зургаа авахуулснаараа буян болохгүй. Жинхэнэ халуун сэтгэл нь тэдэнд ганц өдөр идэх хоол өгөхөөс өөр зүйл байх учиртай. Гарцыг нь хэлж мэдэхгүй ч, хуурамч халуун сэтгэлтнүүдийн үйлдэл арай биш ээ.
Ч.МӨНХ