Хан-Уул дүүргийн I хороонд амьдардаг Бүгд найрамдах Энэтхэг улсаас ирсэн лам Т-ыг энэ сарын 16-нд гэртээ байх үед нь нүүрээ багаар халхалсан гурван залуу дайран орж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарсан юм.
Гэмт этгээдүүд уг ламынд ороод зодож, гарыг нь ард нь хүлэн Замбала бурхан хоёр, Бурхан багш, Дамдин, Ногоон Дарь эх, Манзушир бурхан тус бүр нэг, мөнгөн аяга, “Сони” маркийн дүрс бичлэгийн камер, “Iphone-6” гар утас, зургийн аппарат, 520 мянган төгрөгийг нь авч зугтсан аж.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэнтэй хамтран шалгасны дүнд уг хэргийг Баянгол дүүргийн иргэн Н.Э гэгч үйлдсэнийг тогтоож, Эрүүгийн хуулийн 147.2-т заасан “Бүлэглэн бусдын эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон цагдан хорьсон байна.
Тэрбээр гэмт хэрэг үйлдэх үедээ хамаатан Г болон түүний найзыг нь дагуулан хэргийн газарт очсон аж. Сэжигтэн Н.Э хэргээ хүлээж цагдаагийнханд мэдүүлэг өгөхдөө “Арванхоёрдугаар сарын 16-ны 14.00 цагийн үед хаалгыг тогшин “Слесарь байна” гэж худлаа хэлж онгойлгомогц гэр рүү нь дайран орсон. Уг нь бэлэн мөнгө хайсан боловч 520 мянган төгрөгөөс өөр мөнгө байгаагүй. Уг нь тэр лам нэг хийдэд ном уншаад өргөл барьц гэж их мөнгө авч байхыг нь би нэг бус удаа харсан. Тэгээд дагаж яваад гэрийг нь мэдэж авсан юм. Мөнгө хайгаад олоогүй болохоор долоон бурхан, мөнгөн аяга, гар утас, камерыг нь аваад гарсан. Бэлэн мөнгийг нь би авч, бусад эд зүйлийг нь хамаатны Г машиндаа хийгээд явсан” гэжээ.
Уг хэргийг үйлдсэн Н.Э нь бага боловсролтой, ажил, мэргэжил эзэмшээгүй, эхнэр гурван хүүхдийнхээ хамт Баянгол дүүргийн XI хороонд оршин суудаг нэгэн аж.
Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр сая төгрөгөөр торгох ял шийтгүүлж байжээ. Шүүх түүнийг хохирлоо төлсөн гэсэн үндэслэлээр ийм ял оноосон аж.
Г.РАВЖАА