Хэн нэг нь анзаараад энэ сайхан боломжийн тухай биччих байх гээд хараад байсан үгүй бололтой. Тэгээд ямар ч байсан нэг удаа кейборд элээхээр шийдлээ.
Нэг удаа гадаад яваад ирэх хооронд тогны мөнгө төлөөгүй гээд цахилгааны хязгаарлалт хийснээс болоод хөргөгч маань сүрхий хэлмэгдсэн юм. Түүний мөрөөр зарга хийж явсаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаний үйл ажиллагаа, шинэчлэлттэй танилцах завшаан тохиолдов. Томхон бас уйгагүй гомдол байсан тул компаний гүйцэтгэх захирал С.Төмөрхүү гэдэг залуутай нүүр тулан асуудлаа хэлсэн би түүний салбартаа хийсэн шинэчлэлт, цахимжуулалтыг сонсоод өөрөөсөө ичээд гарсан юм. Тэгээд мэдсэн зүйлсээ хуваалцаж байгаа нь энэ.
Ер нь энэ технологийн дэвшил биднээс үл хамааран илүү ухаалаг болж байна. Түүнийг цахилгаан түгээхийнхэн маш соргогоор ашиглан олон зүйлсийг цахимжуулж чаджээ. Өнөөх ажлын цагтаа баригдаад тогны мөнгөө төлж чадаагүй, гадаадад байсан тул чадсангүй, тог таслахыг мэдээгүй, тогны мөнгө үнэн гарч байгаа юмуу үгүй юу гэх мэтийг бүгдийг шийджээ.
Нэгдүгээрт, иргэн та 70047004 лавлах утас руу яриад өөрийнхөө гэрийн хаягийг хэлснээр хэрэглэгчийн КОД-той болох хэрэгтэй. Мөн гар утасны дугаараа тэнд тэмдэглүүлэх хэрэгтэй. Үүний дараа www.my.tog.mn сайт руу ороод хэрэглэгчийн кодоо ашиглан, тэмдэглүүлсэн гар утсандаа нэвтрэх нууц дугаарыг авчихна. Тэрхүү нууц дугаараар эхэлж нэвтрээд дараа нь өөрийн мартахгүй дугаараар сольж болох тул санаа зоволтгүй. Ингээд л та цахилгааны хэрэглээгээ хянах, цахилгааны төлбөрөө цахимаар төлөх боломжтой болчихж байгаа юм. Түүнээс гадна танай байрны орчимд хэзээ засвар үйлчилгээний ажил хийгдэж тог түр хугацаагаар тасрах, цахилгааны төлбөр чинь хэд гарсан, хэзээ төлөх ёстой талаарх мэдээллийг гар утсандаа мессежээр хүлээн авдаг болно.

Хоёрдугаарт, та энэхүү сайтаар дамжуулан төлбөрөө бүх банкны картаар тэр байтугай Мобикомын Candy оноогоороо ч төлөх боломжтой. Удахгүй Юнителийн GG бас үйлчилдэг болно гэсэн.
Гуравдугаарт, та өөрийн гэрээндээ шинэчлэлт хийх, тоолуурынхаа заалт болон хүчинтэй хугацааг харах, сүүлийн 12 сарын цахилгааны төлбөрөө мөнгөн дүнгээр болон квТц-аар нь харах боломжтой.

Дөрөвдүгээрт: 70047004 дуудлагын төвтэй холбогдон асуудлаа шийдүүлсэн бүх түүхээ харах боломжтой. Таны яриа бичигдсэн байгааг ч сонсч болно. Би тэгж хэлсэн гэж хэн хэн нь мэлзэх аргагүй амар юм билээ.
Тавдугаарт, хэрэв та ухаалаг утастай бол “ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧ” гэдэг аппликейшнийг гар утсандаа суулгаарай, үнэгүй юм билээ. Ингэснээр та гар утсан дээрээсээ дээрхи бүх мэдээлдийг авах, төлбөр хийх, цахилгааны хэрэглээгээ хянах боломжтой болно.
Ийнхүү хэрэглэгчдэдээ ойртож, илүү түргэн шуурхай үйлчлэх нөхцөлийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийхан бүрдүүлжээ. Баярлалаа. Хэрэглэгч Та тус компаний үйл ажиллагаатай танилцах, цахилгаан эрчим хүчний шинэ хэрэглэгч болох, техникийн нөхцөлийн хүсэлтийг онлайнаар өгөхийг хүсвэл зүгээр л www.tog.mn хаягаар орж сонирхоорой. Энэ сайтыг ашиглан шаардлагатай мэдээллээ олж авахаас гадна цахилгаан хэрэглэгчдэд зориулсан маш ойлгомжтой, дэлгэрэнгүй гарын авлагыг үнэгүй татан авч танилцах боломжтой.
Нийслэлийн маань өрх бүр цахилгаан эрчим хүчний буяныг эдэлж, эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангагдаж байхын ерөөл өргөе!
Нийтлэлч Г.Анжгай