Манай улсын төсөвт жилд 21.8 тэрбум төгрөг төвлөрч, 375 Монгол иргэнийг ажлын байраар хангагдах боломжтой болжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар болон “Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан энэ юм. Хөрөнгө оруулагч тал болох “Монполимет” ХХК нь Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит худагийн шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид уг төслийг “Монцемент Билдинг Материалс” ХХК хэрэгжүүлэхээр гэрээнд тусгажээ.
Төслийн компанийн хэрэгжүүлж буй “Монцемент үйлдвэр” дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 984 мянган тн чулуунцар /клинкер/, 1. 000. 000 тн цемент, 100 мянган тн шохой үйлдвэрлэнэ. Төсөлд нийт 512.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд одоогийн байдлаар 463.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байна. Үлдэгдэл 48.8 тэрбум төгрөгийг Хөрөнгө оруулагч, Олон Улсын банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр санхүүжүүлэх юм.
Төсөл хэрэгжиж эхэлснээр, хураамж хэлбэрээр нийт 458.1 тэрбум төгрөг /жилд 21.8 тэрбум төгрөг/ улсын төсөвт төвлөрүүлж, 375 монгол иргэнийг ажлын байраар хангах ажээ. Гэрээнд хөрөнгө оруулалтын хэмжээ, үе шат, эх үүсвэр, татварын орчныг тогтворжуулах асуудал, Засгийн газрын болон Хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага, хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн болон бусад асуудлыг тусгасан байна.